logo
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөгчид Японд айлчлав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөгчид Японд айлчлав

2014/03/07
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлав.Төлөөлөгчид Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, түүний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Мөн төлөөлөгчид Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ц.Окүбо, Төлөөлөгчдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ш.Томита, эрх баригч ЛАН дахь Монгол, Японы харилцааг дэмжих парламентын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвийн талаар тус тус санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрөгч онд Япон улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай оронд айлчлах үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачилгыг хэрэгжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид, түүний дотор эдийн засгийн асуудал хариуцсан байнгын хороод идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов.  

Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны дэд сайд К.Акаба, Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Р.Хатанака нартай уулзав. Мөн  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Олон улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/, Японы худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/, Токиогийн хөрөнгийн бирж, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /Кэйданрэн/, Япон, Монголын Эдийн засгийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монгол, Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хэлхээ холбоог өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Өнгөрөгч онд УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын сангийн хууль зэрэг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй алхмуудын талаар японы талд танилцуулахын сацуу хоёр орны эдийн засгийн харилцаанд Японтой байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол чухал болохыг онцлов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Зоригт, Л.Энх-Амгалан нар болон УИХ-ын дэд даргын зөвлөх Ш.Энхбат нар орсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш