logo

"Монгол цуур” Үндэсний хөтөлбөр баталлаа

2014/03/10
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан "Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос "Хүннү цуурчдын холбоо" байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.

Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш