Өнгөрсөн сард АНУ-д шинээр ажилд орсон иргэдийн тоо 175 мянгад хүрсэн нь зах зээл дэх хүлээлтийг, мөн 1-р сарын 129 мянга гэсэн үзүүлэлтийг давсан дүн боллоо. Гэхдээ 1-р сард 6.6%-тай байсан ажилгүйдлийн түвшин 2-р сард бага зэрэг өсч 6.7% болсон гэж тус улсын Хөдөлмөрийн Яам мэдээлсэн байна. 2-р сарын үзүүлэлтийг задлаад харвал санхүү болон бусад салбарын компаниуд хамгийн олон буюу 79,000 ажилтан шинээр ажилд авчээ. Харин цаг агаар олон жилийн дунджийг давж хүйтэрсэнтэй холбоотойгоор барилгын компаниудад шинээр ажилд орсон иргэдийн тоо 15,000 болж буурсан байна. Сонирхуулахад 2-р сард АНУ-ын хувийн салбарт ажиллагсдын нэг цагийн ажлын дундаж цалин хөлс 3.7%-иар буюу 9 центээр өсч, 24.31 ам.доллар болжээ. Тус улсын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт цаашдаа сайн гарвал Холбооны Нөөцийн Банк сар бүр худалдан авч буй бондынхоо хэмжээг үргэлжлүүлэн танана гэдгийг шинжээчид хэлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/