logo
З.Батбаяр: БОНХЯ-нд олгогдсон эрхийг зөвхөн “Монгол Ус” гэх компани гартаа оруулчихжээ

З.Батбаяр: БОНХЯ-нд олгогдсон эрхийг зөвхөн “Монгол Ус” гэх компани гартаа оруулчихжээ

2014/03/10
2012 оны  тавдугаар сард Усны тухай хууль батлагдсан. Гэтэл сүүлийн үед зарим үйл ажиллагаанаас болоод Усны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал хурцдаж байгаа талаар яригдах болсон. Тэгвэл энэ л асуудлын хүрээнд Усны газрын дарга асан З.Батбаяртай ярилцсан юм.

-Таны зүгээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан хүсэлтийг гаргасан гэсэн. Энэ талаараа?

-Өнөөдөр би Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж хүсэлт гаргаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 390, 391 гэсэн тоотой тогтоол гаргасан байдаг. Тэгвэл 390 дүгээр тогтоолоор л Засгийн газар БОНХЯ-нд хуулиар олгогдсон эрхийг төрийн өмчийн "Монгол ус" гэдэг газар шилжүүлсэн.

Усны тухай хуульд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж орсон байдаг. Хоногт 100 шоо метрээс илүү их ус ашиглах газруудад БОНХЯ дүгнэлт гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн компани хэдий хэмжээний ус ашиглаж хэдэн төгрөгний төлбөр төлөхийг тогтоож өгдөг. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 390 тоот тогтоолоор зөвхөн БОНХЯ-ны дүгнэлт гаргах ёстой эрхийг Төрийн өмчийн "Монгол Ус" гэдэг компанид шилжүүлчихжээ. Тухайлбал, "Оюутолгой", “Тавантолгой”, “Эрдэнэт” гэдэг компани жилд хэдэн метр куб ус хэрэглэх вэ гэдэг асуудлыг БОНХЯ биш харин нэг төрийн өмчийн компани шийдвэрлэхээр болчихсон сууж байна. Уг нь Усны тухай хуулинд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтдээ 24 бүрэн эрх байж байдаг. Энэ эрхүүдээс хамгийн их хөрөнгө мөнгө, томоохон бүтээн байгуулалттай холбоотой тэр эрхүүдийг нь түүж аваад Төрийн өмчийн "Монгол Ус" гэдэг компанид шилжүүлсэн тогтоол гарсан байсан. Тиймээс би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж байгаа юм.

-Ямар учраас томоохон бүтээн байгуулалттай холбоотой эрхүүдийг зөвхөн “Монгол Ус”-д хамааруулсан юм бол?

-Компани бол төрийн, хувийн өмчөөсөө үл хамаараад зөвхөн ашгийн төлөө явах ёстой байгууллага. Гэтэл усны тухай асуудал дээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байж болох уу?. Жишээлбэл усны төлбөрийг ихээр авахын тулд, эсвэл усны мэргэжлийн төлбөр гаргаж өгсөнийхөө төлбөрийг ихээр авахын тулд “Оюутолгой” зэрэг компаниас маш их хэмжээний төлбөр аваад ус ашиглуулах эрх өгчихвөл, өнөөх л бидний олон жил ярьсан төрөөсөө хувийнхаа усыг хамгаалах ёстой гэсэн асуудал тавигдах юм. Мөн энэ шилжүүлчихсэн бүрэн эрхээсээ шалтгаалаад бид Туул, Орхон зэрэг томоохон гол дээр томоохон усан далан, боомтууд бария гэж байсан асуудлууд нь БОНХЯ руу биш харин нэг компани руу орчихсон байна.

-Сүүлийн үед төрийн өмчийн компаниудыг хувьцаат болгох асуудал ч яригдаад байна. Засгийн газраас ч ийм бодлогыг баримтлаад эхэлж байх шиг?

-Хэрвээ хувьцаат компани болгочихвол олон асуудал гарч ирсэн. Тухайлбал ганцхан  “Монгол Ус” гэдэг компани дээр ярихад “Оюутолгой”, “РиоТинто” зэрэг дэлхийн томоохон компаниуд “Монгол Ус” компанийн хувьцааг худалдаж авч өөрийнхөө гарт оруулахыг санаархана. Ингээд авчихвал Монголын хамгийн чухал зүйл болох усыг гартаа оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 390  гэдэг  тогтоолоороо БОНХЯ-ны бүрэн эрхийг буюу сайдын бүрэн эрхийг нэг компанийн захиралд шилжүүлсэнээрээ тухайн компани усны салбарын асуудлыг дангаараа шийдэх боломжийг бий болгочихлоо. Улмаар 2013 оны 11 сарын 30-ны өдөр 391 гэсэн тогтоолыг гаргасан. Дахиад энэ тогтоолоороо хавсралтанд дурдсан обьектуудыг “Монгол Ус” гэх төрийн өмчийн компанид шилжүүлчихсэн байгаа юм.  Тодруулбал, тус компанид Дулааны цахилгаан станцуудын усны их үүсвэрийн бүх худгууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Багануур, шивээ овоогийн нүүрсний уурхай, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн усны эх үүсвэрийнх нь бүх худгуудыг шилжүүлчихсэн. Түүнчлэн Дорнодын Чойбалсан, Өмнөговийн Даланзадгад, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцуудыг ч шилжүүлсэн байгаа юм. Үүгээр зогсохгүй 17 услалтын системүүдийг шилжүүлсэн байгаа нь ерөөсөө л усны асуудлыг БОНХЯ шийдээд ч хэрэггүй, 7-8 жил хөдөлмөрлөж Усны тухай хууль гаргаад ч хэрэггүй юм байна. Хамгийн гол нь Усны газрыг татан буулгаад БОНХЯ-даа хариуцуулсан байж одоо бүр нэг компанид хариуцуулчихсан байгаа нь сонин. Тэр компани зөвхөн долоон бүрэн эрхийг эзэмшээд зогсохгүй Монгол Улсын хамгийн чухал гэсэн обьектуудын усны эх үүсвэрийг мэдэхээр болчихож. Хэрвээ энэ компани ашиг олох зорилгоор зарим үйлдвэрт ус нийлүүлэхгүй гэвэл яах вэ?. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцэх хэрэгтэй юм.

Мөн дээрх 390, 391 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандаад байгаа. Үүний цаад талд ерөөсөө Монгол Улсад усны асуудлыг хувьчлах ажил өрнөж байж болзошгүй юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүхээс ямар шийдвэр гарахыг олон нийтээрээ харцгаая. Ер нь цаашдаа аль үеийн Засгийн газар байхаасаа үл хамаараад хуулиар яаманд олгогдсон эрхийг аль нэг компанид шилжүүлнэ гэдэг хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм.

-“Монгол Ус” компанийн эзэн нь хэн байдаг юм бол. Засгийн газарт нөлөөлж бас чадаж байна шүү?

-“Монгол Ус” гэдэг компани төрийн өмчит. Тэгэхээр одоогоор Төрийн өмчийн хороо энэ газрыг хариуцдаг. Харин даргаар нь Усны газрын орлогч дарга байсан Сосорбарам ажилладаг. Нэг зүйл нэмж хэлэхэд, хэрвээ энэ компани өөрийн ашгийг үүднээс буруутай үйл ажиллагаа явуулвал компани ашгийнх байх ёстой гэсэн заалтаараа ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин БОНХЯ усны асуудлаа хариуцаад явбал шал өөр.

-Усны салбар маань алдагдал их хүлээж байгаа шүү дээ. Харин энэ компанид эрхүүдийг шилжүүлсэнээр алдагдлаа нөхөнө гэж тооцсон байж болох уу?

-Ус өөрөө бизнес мөн үү?. Магадгүй “Оюутолгой”, “Тавантолгой”-той харилцах асуудал дээр бизнес байж болох юм. Тэгвэл хүн амийг усаар хангах, дулаан, цахилгаанаар хангах асуудалтай холбоотойгоор ус бол бизнес биш. Тиймээс төрийн мэдэлд байх ёстой. Гадаадын улс оронд ч энэ асуудал төрийн мэдэлд байдаг.

-Ер нь уул уурхайн компаниуд хэр хэмжээний ус хэрэглэдэг бол?

-Дэлхий дахины жишгийг аваад үзэхэд усны төлбөр нь тухайн уул уурхайн компанийн нийт гаргаж байгаа зардлын 1 хувиас давахгүй бол  усны үнэ өндөр биш, боломжит хэмжээнд байна гэж үздэг. Гэтэл өнөөдөр манайд Уул уурхайн компаниудын төлж байгаа төлбөр нь нийт зардлынх нь 0,01 хувьтай тэнцэх хэмжээнд байж байгаа. Тиймээс хэдийгээр ийм байгаа ч их төлбөр авахын тулд хуулийг зөрчөөд яамны бүрэн эрхийг нэг компанид шилжүүлнэ гэдэг аюултай. Тэр дундаа төрийн өмчийн байгууллагыг хувьчилж болохоор байдалтай байхад.

-БОНХЯ-д тэгэхээр усны асуудлыг шийдэх бүрэн эрх байхгүй гэсэн үг үү?

-Бодитойгоор шийдэх бүрэн эрх бараг үлдээгүй. Хамгийн чухал эрхүүдийг нь сорчлоод нэг компанид өгчихсөн.
 
Д.Ундрах /24tsag.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш