logo
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн голомт шинээр илэрчээ

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн голомт шинээр илэрчээ

2014/03/11
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээгээр  өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр 3328 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгаж, дээрх аймгуудын 3 226 248 толгой малд урьдчилсан сэргийлэх вакцин хийжээ. 3 сарын 6-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км газарт 5 өрхийн 21 үхэрт шүлхий өвчний сэжиг шинээр илэрч, тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 100-110 толгой малаар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 10-20 толгой мал болж буурах хандлагатай болжээ.  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт шинээр үүссэн голомт нь нийслэлийн Багахангай дүүргээс 225 км-ийн зайтай юм. Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг Баянзүрх, Яармаг, Био, Эмээлт, Баруун турууны товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын 9 цэг ажиллаж байгаагаас гадна  9 дүүргийн 253 610 толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Нийслэлийн  хэмжээнд 298 767 толгой малд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтын явц 84,9 хувьтай байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш