Монгол улсын хэд хэдэн салбарын яамд дээр "Барилга захиалгын товчоо" ажиллаж тухайн салбарт баригдаж байгаа барилга байгууламжуудыг төлөвлөх, нэгдсэн зураг төлөвлөлтийг хийж төсвийг зохиох, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, Барилга хот байгууллатын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалаахын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамд "Барилга захиалгын товчоо" ажилладаг.
Тэгвэл дээрх таван яамны Барилга захиалгын товчоодыг нийлүүлж Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төв дээр нэгтгэхээр болжээ.
Уг ажлын дагуу Засгийн газраас дээрх таван яамаас нэгдсэн судалгаа авч бүтэц орон тооны асуудлын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, БШУ-ы яамны Барилга захиалгын албаны мэргэжилтнүүд энэ асуудлыг шууд хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа бол БХБ-ын яамны зүгээс энэ асуудлыг дэмжиж байгаа ажээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-аас өгсөн шийдвэр учраас уг асуудлыг заавал биелүүлнэ. Гэхдээ зөв шийдлийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлож байна.
Мөн энэ ондоо нэгдсэн зохион байгуулалтад орж шинэчилсэн бүтцийн дагуу ажиллаж эхэлнэ. Уг нэгтгэсэн алба нь хичнээн хүний орон тоотой байх, одоогийн Барилга захиалгын албадад ажиллаж байгаа орон тооны ажилчдыг хэрхэх, мөн зохион байгуулалт болон хариуцлага хүлээх асуудлуудыг тодорхой болгож яамдын байр суурийг нэгтгэж ирэх долоо хоногийн баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн эцэслэн шийдвэрлэгдэнэ.