logo
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тойрогтоо ажиллаад ирлээ

2014/03/17
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймагт ажиллах хугацаандаа Улиастай хотод эмэгтэйчүүдийн болон иргэний нийгмийн байгууллагын чуулган, аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцов. Зөвлөгөөнд аймаг, сумдын 120 гаруй удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.

Мөн аймгийн МАН-ын хорооны 32 дугаар бага хуралд оролцож, намынхаа бодлого шийдвэр, цаашдын зорилтыг танилцууллаа. Иргэд, сонгогчидтой уулзахдаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг танилцуулж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн мэдээллийг хүргэхийн зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултад хариулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тойрогтоо ажиллах хугацаандаа найман сумын 2500 орчим иргэдтэй уулзсан байна. Орон нутгийн иргэд хэд хэдэн асуудлыг голчлон ярьж, төр засагт уламжилж өгөхийг хүсчээ. Эдгээр асуудлын дийлэнх нь малчдын ахуй амьдралд анхаарал хандуулах, төрийн хүнд суртал, нүсэр бүтэц, үрэлгэн зардал нэмэгдсэн тухай байв. Тухайлбал, малчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааны асуудал хүнд байгаа учраас тэдний тэтгэврийн насыг наашлуулах, залуу малчдыг дэмжиж нийгмийн даатгалаа төлөх боломж олгох хуулийн төсөл санаачилсанд талархсанаа илэрхийлжээ. Хүний хөгжлийн сангаас сар бүр иргэн бүрт олгодог байсан мөнгийг 50 хүрэхгүй малтай өрхөд өгөх боломжтой эсэх талаар асууж байв. Үүний зэрэгцээ алслагдсан бүс нутагт оршин суугчдын амьжиргаанд бензиний үнэ их нөлөөлж байгааг ч хөнджээ. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын үнэ ханштай ижил төвшинд хүргэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсч байв. Учир нь өртөг өндөртэй хэрэглээнээс болоод ихэнх залуучууд төв рүү нүүж орон нутаг маань эзгүйрэхэд хүрлээ гэж нутгийнхан ярьж байв.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэндээ хүрдэггүй, жирийн иргэнд хамрагдах боломж олддоггүйг ч иргэд хэлэв. Үүний зэрэгцээ DDSH телевизийн 18 сувгийг хааж 60 суваг болгох гэж байгааг эсэргүүцэж буйгаа тойргоос сонгогдсон гишүүндээ дуулгасан.

Орон нутагт өнөөдөр ч гомдол тасрахгүй байгаа зүйл бол сурагчдын дүрэмт хувцас байгаа аж. Дунд сургуулиар явж хүүхдүүдэд вакцин хийхдээ эцэг эхээс нь зөвшөөрөл авдаггүй тохиолдол ч олон байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн залуучуудын боловсролд анхаарах цаг болсныг ч санууллаа.

Төрийн албаны бүтэц данхайж, яамдын тоо олширсон ч ард иргэдийн амьдралд наалдаж байгаа юм маруухан байна гэж Завханыхан эрхэм гишүүндээ уламжиллаа. Тэтгэврийг дөнгөж 2.5-7 хувиар нэмэгдүүлсэнд ахмадууд гомдолтой яваагаа дуулгаж, төр засгаас өндөр настны талаар тодорхой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг захив. Сүхбаатар жанжнаар нэрлэгдсэн төв талбайн нэрийг өөрчилсөнд иргэд эгдүүцэж байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэх, үндэсний уламжлал, ёс заншлаа дээдлэх талаар аль ч төвшинд анхаарах ёстойг завханчууд төр засагт уламжлав.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш