logo
XXI зууны Ногоон хувьсгал

XXI зууны Ногоон хувьсгал

2011/05/13
2009 оны 03 дугаар сарын 16, “Өнөөдөр” сонин
 
Өндөр хөгжилтэй орнууд болон Хятад, Энэтхэг, Аргентин, Бразил зэрэг олон хүн амтай улс орнуудад хүн амаа хооллох, байгаль усаа хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажилд нэгэн шинэ хувьсгал гараад хэдэн жил өнгөрч байна. Үүнийг тэд хорин нэгдүгээр зууны ногоон хувьсгал гэж нэрлэж байна.
    
ХХ зууны ногоон хувьсгалын гол чанарууд бол газрыг их хэмжээгээр хагалж, хортон шавьжийг химийн бодис цацан устгаж, талбайг их хэмжээгээр усалж байж арвин ургац авахад чиглэсэн үйлдвэрлэл байлаа. Дэлхий дулаарч эхэлмэгц хорьдугаар зууны газар тариалан ялагдаж эхэлсэн юм. Жил бүр тариа тарихдаа хагалдаг газрын хөрс нь үндэс, бичил ертөнцгүйгээс хуурайшиж, нунтаг хар юм болно. 
 
Хөрс ийн шимгүйдээд ирэхэд тариаланчид өөрийн эрхгүй үнэтэй химийн бордоонуудыг худалдан авч газраа бордоно. Бордооны азот, фосфорит бороонд урсан гол усыг бохирдуулах ба түүний зэрэгцээгээр хогийн ургамлын тэжээл болно. Хогийн ургамал, хортон шавьжтай тэмцэх гэж дахин өөр төрлийн улам хортой химийн бодис цацаж үр тариагаа хамгаална. Газар тариалан нь дэлхийн газар нутгийг сүйтгэж, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа хамгийн том эх үүсвэр мөн гэсэн дүгнэлтийг НҮБ-ын мянганы сорилын хөтөлбөрийн шинжээчид хийж байгаа ажээ. 
    
Энэ л хямралтай нөхцөлд газар тариалан дахь XXI зууны хувьсгалуудын тухай гадаад ертөнцөд ярьж эхлээд байна. Энэ удаагийн ногоон хувьсгал ХХ зууныхаас үндсэн ялгаатай. 
    
Өнгөрсөн зуунд газар тариалангийн салбарт гарч байсан бүхий л технологи, мэдлэгийг улс орнууд, олон улсын байгууллагууд санхүүжүүлж, түүний үр дүн ололтыг дэлхий даяар үнэ төлбөргүй тарааж, энд тэндгүй хуулан хэрэглэж байсан бол, шинэ зууны ногоон хувьсгалын технологиудыг компани, корпорациуд ивээн тэтгэж, тэр ч утгаараа технологийн өмчлөлийн хуулийн дагуу мөнгөтэй нь хүртэж, мөнгөгүй нь хуучинтайгаа зууралдаж байгаа юм. Шинэ технологийг “гэртээ” үйлдвэрлэж байгаа өндөр хөгжилтэй биш орон нь зөвхөн Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн орнууд бөгөөд Аргентин, Бразил зэрэг орнууд өндөр хөгжилтэй орны технологиудыг эрчимтэй авч хэрэглэх болжээ. Чухам ямар ямар технологиуд XXI зууны ногоон хувьсгалд тооцогдож байгааг товч танилцуулъя.
 
Газар хагалахгүй тариа тарина
 
    Ноу-тилл (No-Till) буюу газар хагалахгүйгээр тариа ногоо тарих технологийг шинжлэх ухааны сэтгүүлүүд “чимээгүй хувьсгал” гэж нэрлэж байна. Чимээгүй гэдэг нь хаврын цагаар тариа тарихдаа талбайд трактор нүргэлэхгүй гэсэн утгатай ажээ. Газрын хөрс хэмээх эргээд хэзээ ч олдошгүй эрдэнийг хайрлахын зэрэгцээгээр хөрсийг баян болгодог, хөрсөнд бичил ертөнц үүсэхэд нь тусалдаг энэ технологийг мөн л хүн ам ихтэй улс орнууд хэрэглэж эхэлснээр дэлхийн нийт газар тариалангийн талбайн долоон хувь нь Ноy-тилл болжээ. Одоогийн байдлаар хагалаагүй газарт тариа тарьж байгаа хэмжээгээрээ АНУ нэгдүгээрт, Бразил хоёрдугаарт орж, Аргентин, Канад, Австрали удаалж байна. Азийн орнуудаас ганцхан Хятад улс эхний 15 тэргүүлэгчид дунд явж байна.
 
    Газар хагалахгүйгээр тариа тарих технологийн дараалал нь тун хялбархан. Эхлээд гербацид цацаж “хими цэвэрлэгээ” явуулна. Дараа нь шууд үр суулгана. Дараагийн шат нь дахиад гербацид цацна. Хамгийн сүүлчийн шат нь ургацаа хураана.  Мөн урд жилийн ургацын дараа сүрлийг бөөгнүүлж аваагүй, бас хогийн ургамлыг түүгээгүй, талбай дээр нь тэр чигээр нь орхисон учир өмнөх жилийн ургамлууд газраар нэвсийж байдаг. Энэ бүх нэвсийсэн навч цэцэг сүрлийн хажуугаар үрээ суулгах гэдэг нэлээд нямбай, олон цаг шаардсан ажил болно. Гэхдээ чухамхүү энэ олон өвс сүрлийг хөрсөн дээр нь үлдээснээрээ тариа ургах хөрс баяжиж, тэжээгддэг байна. Мөн салхи гарахад газрын хөрс орвонгоороо хийсч цөлжилт үүсэхгүй, бороо ороход газрын чийгийг хадгалж өгдөг, хөрснөөс нэгмөсөн арилчихсан байсан чийгийн өт зэрэг сайхан амьтдыг буцаан ирүүлж байх сайн талтай байдаг ажээ. Газрын хөрс “тас хар юм” байхаа больдог. Дээр нь өвс ногоо хөндөгдөлгүй байж байгаа юм болохоор хөрсний өнгө шаргалтан ногоорч харагддаг. Үгүйдээ л цайвартан шаргалтана. Энэ нь маш чухал юм. Учир нь харласан хар хөрс нарны дулааныг ихээр шингээн авч хөрсийг улам хуурай, улам халуун болгодог байхад, шаргалтан цайрах хөрс дулааныг тэгтлээ гүн нэвтрүүлэхгүй. Хав харласан хөрстэй газарт дулаан их хуримтлагдаж байгаа учир тэндхийн үүл нь бусдаас илүү өндөрт хөөрдөг. Харин шаргалтсан, ногоорсон газарт сэрүү татах нь илүү тул үүл нам дор аялж, бороо орох нь элбэг болдог. Бороо, нар, салхитай “хамтран ажилла” хэмээн сургаж байгаа энэ технологийг хөрс хамгаалагчид, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгчид идэвхитэй дэмжиж, ноу-тилл аргаар тариалсан тариа ногоо худалдан авахыг уриалдаг байна.  
    
Олон наст үр тариаланчдын мөрөөдөл болно
 
    Атар газар. Энэхүү гайхамшигтай зүйлийг хагалж, устгаж байж тариа тарих биш, харин бүр тариа ногоо тарьснаар дахин атар газартай болно гэж  XXI зууны тариаланчид мөрөөдөж байна.  Байгаль дэлхий гэгч жил бүр ногоогоо харамгүй хайрлаж, ургуулж, хортон шавьжтай өөрөө тэмцэж, хогийн ургамалыг өөрөө зайлуулж, тансаг цэцэгс, жимс жимсгэнээ харамгүй ургуулдаг билээ. Хичнээн мянган жил ийнхүү ургавч байгаль эхийн ургуулсан газарт хөрс муудна гэж байхгүй, ургац алдана гэж бараг үгүй байдаг. Чухам яаж “арчлахаараа” байгаль эх өвс ногоогоо хүний оролцоогүйгээр арвин баялаг байлгаж чаддаг юм бол оо. Хүний гар хүрч тариа ногоо тарьсан газарт яахаараа хөрсний элэгдэл болж, хогийн ургамал ургаж, хортон шавьжид баригдаж, бас хөрс нь сул шороо болтлоо элэгддэг юм бол оо.
 
    Энэ асуултын хариуг эрдэмтэд олжээ. Тэд байгаль эхийн ид шидийн цаана байгаа “нууц ноёнтон” буюу олон наст ургамалуудын үндсийг идэвхитэй судалсан байна. Олон наст ургамалын үндэс ганц наст буудай тарианы үндэснээс хавьгүй том, хөрс рүү гүнзгий нэвтэрдэг төдийгүй хөрсөн дор “байлдах” чадвар маш өндөр болохыг тогтоожээ. Олон наст ургамлын хөрсөн доорх байлдаанд тэд хогийн ургамалыг дор нь дийлж, хортон шавьжуудыг идэх юмгүй болтол нь байлддаг болох нь тогтоогдсон байна. Үндэсний гайхамшигт чанар үүгээр дуусахгүй. Олон наст ургамлын үндэс агаарт байгаа нүүрсхүчлийн хийг боловсруулж ашиглан, газар доор нүүрстөрөгчөөр баялаг орчин үүсгэдэг байна. Энэхүү орчин нь хөрсөн доор бичил биет амьтан ургамалын таатай нөхцөл болж, хөрсийг улам чанарлаг баялаг, үржил шимтэй болгодог ажээ.
 
    Одоогоор олон наст үр тариа гаргаж авч хэрэглэж байгаа орон хараахан байхгүй. Гэхдээ олон наст үр тариаг гарган авч, тариаланчид атар газар хагалж биш, атар газар бий болгож талх тариа тариалдаг болох өдөр XXI зууны дунд үед ирнэ гэсэн таамаглал байдаг. Тэр цаг ирэхэд тариаланчид хавар болгон хөрс хуулж газраа гэмтээхгүйгээр үл барам, үр тариа суулгах, худалдан авах гэж олон удаа зардал гаргахгүй болох юм.
 
    Одоогоор АНУ, Канад улсын их дээд сургуулиудад олон наст үр тариаг гаргаж авах туршилтууд ид явагдаж байна. Хүссэн хэмжээний ургац өгдөг, тэгсэн хэрнээ үндэс сайтай тариа гарган авахын тулд зэрлэг олон наст ургамалыг тарианы үртэй эрлийзжүүлэн туршиж байна. 
 
    Газар дэлхийг сүйтгэж биш, сэргээж атаршуулан тариалах шинэ үеийн ногоон хувьсгал ийн айсуй.
    
    Ц.Оюунгэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш