logo
World international компанийн “Domina” тосыг түрхсэн эмэгтэйн нүүр түлэгджээ

World international компанийн “Domina” тосыг түрхсэн эмэгтэйн нүүр түлэгджээ

2011/05/14
 World international компанийн 2002 оноос Солонгост хориглосон “Domina” тосыг түрхсэн эмэгтэйн нүүр түлэгджээ.
Монголчууд зах зээлийн нийгэм гээчийн буянаар сүүлийн 20 жил соёлын шоктой амьдарч байна. Юун брэнд, юун шилж голох манатай байсан цаг саяхан. Анх 60-аад оны соёлын довтолгооны аянаар монгол хүүхнүүд хүчээр шахуу оо энгэсэг хэрэглэдэг болж билээ. Тухайн үед Зөвлөлт ах нарын гоо сайхны бүтээгдэхүүн л чухам “гадаад брэнд” байсан хэрэг. Одоо бол бөөн бөөн гадаад дотоодын гоо сайхны оо энгэсэг Монгол охид хүүхнүүдийн өнгө жавхааг илтгэх болж. Энэ бол яах аргагүй соёлын болоод ахуйн хувьсгалын үр. Гэхдээ бодууштай, санууштай, анхааралдаа авууштай асуудлууд өдөр бүр тохиолдож байна. Нийтэд ил болоогүй ч брэндэд хулхидуулаад үс нь мулзарсан, нүүр нь түлэгдсэн, яранд баригдсан хүмүүсийн тоо хэдэн зуу хол давчихаад байгаа нь бодит үнэн. Тиймээс ч анхааруулга, сэрэмжлүүлэг болгон нэгэн болсон явдлыг уншигч танд хүргэе. 
Сүүлийн хэдэн жил сонин сэтгүүл болгоны булан, зарим нэг телевизийн сувгаар сэвх толбыг хоёр сарын дотор ор мөргүй болгож, арилгасан сонгино шиг хөөрхөн болгодог domina крем, жингийн илүүдэлтэй охид хүүхнүүдийг турааж галбиржуулаад, савх шиг болгодог “Free G” гэх капсул зэргийн рекламууд яваад байдаг даа. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь Солонгос улсынх бөгөөд World international хэмээх компани оруулж ирдэг, албан ёсны борлуулагч нь гэнэ. Уг бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн сорви арилгадаг, батга хатаадаг гэх үйлчилгээтэй бараануудыг оруулж ирдэг аж. Гэтэл үнэн чанартаа өнөөх алдартай Domina  крем нь аль 2002 оноос Солонгостоо хэрэглээнээс хасагдсан гэж эх сурвалжууд хэлээд байгаа юм. 
Иргэн Ц тус компанийн реклам сурталчилгаанд итгэн, сорви, шарх арилгадаг үйлчилгээтэй гэх 20,000 төгрөгийн үнэтэй Bentlax Gel-ийг авч, гурав хоног түрхэж, хэрэглэсний эцэст арьсаа түлжээ. Энэ байдлаа тус компанид хэлтэл “та хуучин түрхэж байсан тосоо түрхчих” гэхээс өөр дорвитой зүйл хэлээгүй байна. Аргаа барсан хэрэглэгч дахин өөр тос худалдан авч, эмч домчид үзүүлэх гээд жижигхэн сорвиноосоо эс байдалд ороод байгаа гэнэ. 
Энэ тухай мэдээлэл авсан даруйдаа бид тус компани руу холбогдон тайлбар хүсэхэд “мөнгө цаасанд дуртай хүмүүс рекетлэж байна, захаас хулхи юм авчихаад манайхыг шантаажилж байна” гэх маягийн доромж үгсийг менежер н.Шүрэнцэцэг гэгч нь урсгаж байх юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг халаасандаа хийсэн гэх маягийн үгс ч унагах янзтай байсныг энд зориуд дурдъя. Тийм найдвартай бараа бүтээгдэхүүн оруулж байгаа юм бол хэвлэл мэдээллийн амыг хаах хэрэг яагаад гарсан юм бол, Хятадад хуурамчаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн байгааг мэдсээр байж яагаад брэндээ хамгаалж, хэрэглэгчдэд анхааруулга сануулга гаргахгүй байгаа юм гээд олон асуудал ургаж байна. Мэргэжлийн хяналтынхан яагаад хуурамч бүтээгдэхүүн гараад байгааг илрүүлж, таслан зогсоохгүй байгаа хэрэг вэ, Солонгост 10 жилийн өмнө шахуу хориглосон гэх мэдээлэл гараад байгааг нягтлан үзэж, шалгаж, хэрэглэгчдээ хохиролгүй болгохгүй байгаа юм бол.  
Гэх мэтчилэн олон зүйлийг энд хэлж болох байна. Ямар ч байсан бид хэн нэгний бизнесийн золиос болж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох учиргүй санагдах юм. Эцсийн эцэст хүн өөрөө ухаалаг байж сонголтоо зөв хийн зар сурталчилгааны үнэн бодит байдлыг судалж үзэж байх нь таны эрүүл мэндэд тустай байх. Брэндээр өвчилдөг эрин үе ирээд буй энэ үед чанартай, найдвартай гээд л рекламдвал хэн, хаанаас оруулж ирсэн, ямар бүтэц найрлагатай зэргийг нь  сайн үзэж харахгүй, өөрийн эрүүл мэндээрээ дэнчин тавьж, гоо сайхнаараа туршилтын туулай хийх нь ямар үр дүнд хүргэж болохыг энэхүү жишээ харуулж байна. Хэрэглэгч таны сонголт мэргэн байх болтугай. 
Э.Болор \www.shuum.mn\
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш