АНУ-ын Азийн сан, “Бодлогыг чадавхижуулах Монголын хүрээлэн” ТББ-аас хог хаягдлын зориулалтын уутны тараалт, хэрэглээний явцад судалгаа хийжээ. Судалгаа нь хогны уутыг хэрэглэгчдийн зан үйлд гарч буй өөрчлөлтийг тодорхойлох үндсэн зорилготой байсан байна. Энэ зорилгын дагуу Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 5 хорооны орон сууцны болон гэр хорооллын нийт 14 461 өрхөөс 725 өрхийг судалгаанд хамруулжээ. Судалгаагаар нийт айл өрхийн 90.8 хувь нь хогны уутыг хүлээн авсан, орон сууцны айл өрхийн 79.2 хувь, гэр хорооллын айл өрхийн 70.7 хувь нь уутыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн гэж хариулжээ. Хогны уутны менежментийн зорилгыг судалгаанд оролцсон нийт айл өрхийн 51.6 хувь нь ил задгай хогийг багасгах, 39.6 хувь нь эрүүл орчинг бүрдүүлэх гэж тодорхойлсон байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.