Төв Азийн элгэнд оршин тогтносон Монгол хэмээх туурга тусгаар улсын дэлхийн дайдад хүрч, мандан бадарч ирсэн түүх бол МОНГОЛ ЦЭРЭГ хэмээх ялагдашгүй зоригтой, мохошгүй хүчтэй, дайчин баатар эрсийн уухайгаар түүчээлэгдсэн юм. 2220 гаруй жилийн тэртээ Монголын анхны хааныхаа зарлигийг дагаж, Хүннү цэрэг уухайлан босч, морин туурайгаар хөрстийг тамгалан мөрөө үлдээж, ялалтаа зарлан тунхагласан лугаа адил МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ЦЭРЭГийн салшгүй нэгэн түүх өнөөг хүртэл дэвжин хөгжиж явна. Энэ түүхэнд найман зууны тэртээх Их эзэн Чингис хааны суу их ялалтууд, Манж Чингийн хоёр зуу гаруй жилийн дарлалаас чөлөөлөгдсөн Үндэсний эрх чөлөөний тэмцэл, даян дэлхийд туурга тусгаар болохоо зарлан тунхагласан Ардын хувьсгал, цаашлаад Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайны ялалтын эзэд, өдгөөгийн дэлхийн энх амгалангийн харуулд зогсоо эгэл жирийн атлаа энгүй хатан зориг, тэсвэр хатуужлын биелэл Монгол цэрэг цөм нь болж явсан юм.
Ийнхүү Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг хэмээх дуурсалт алдрын эзэд Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчиддаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчиддаа, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье.
Дээдсээс цуутай Монгол цэргийн яруу алдрыг өндөрт өргөж яваа Та бүхнийг минь Монгол төрийн алтан сүлд, Монгол цэргийн босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах болтугай. Мөнхөд мандан бадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.
Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн:
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ
2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр