logo
Уриалга

Уриалга

2014/03/19

“Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” нийгмийн ухамсрыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний олон нийтийн mnb.mn сайт, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооны санаачилгаар Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хороо, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл зэрэг  байгууллагуудаас хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчдээс  дараах уриалгыг гаргаж байна.

1.    Төрийн байгууллагуудад:


-Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсрыг бүрдүүлэх хуулийг сурталчлах зэрэг асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллээр шуурхай  хангах

2. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудад:
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хүчирхийллийн эсрэг олон нийтийн хэвшсэн буруу хандлага, тогтсон ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, хүний эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийтлэлийн бодлогодоо тусгах
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хүргэх, сэтгүүлчдийг чадавхижуулахад онцгойлон анхаарах
-Иргэдэд хүний эрхийн боловсрол олгох, аливаа хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн  ТВ хөтөлбөр, тогтмол нэвтрүүлэг, сонины буланг бий болгох
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж,  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг үнэн зөв хүртээмжтэй түгээх
-Аливаа хүний эрхийн зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн реклам зар сурталчилгааг үнэгүй түгээх

3. Мэргэжил нэгт сэтгүүлч нарт:
-Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсрыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлст манлайлан оролцох
-Гэр бүлийн хүчирхийлэл болон хүний эрхийн аливаа асуудлыг хөндөн гаргахдаа бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, ялгаварлан гадуурхахгүй, шуугиан тарихгүй, бусдыг доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, хохирогчийг буруутгах зэрэг иргэдийн буруу хандлага дадал хэвшлийг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийллийн талаарх нийгэмд тогтсон буруу хэвшмэл ойлголтыг халахад чиглэн ажиллахыг уриалж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой, ажил үйлс, зорилгоо нэгтгэцгээе!

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцогчид
2014-03-06

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш