-“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” илтгэлийн уралдааны онцлог, зорилго юу вэ?
-Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ уралдаанд эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн 3-5 дугаар дамжааны оюутнууд, мөн хуульчид оролцож, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал гаргах, орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудалд дүгнэлт өгөх чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан бүтээлээрээ өрсөлдөнө.
Өнөөгийн эрх зүйн тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгөхдөө уламжлал, хөгжил, ирээдүйн чиг хандлагыг харгалзаж үзэх нь зүй ёсны асуудал юм. Орчин үеийн эрх зүйн тогтолцоо ч энэ замаас гажилгүй уламжлал, шинэчлэлд тулгуурлан хөгжиж байна. Ахлах дамжааны оюутнуудыг хуралд оролцуулж байгаа нь зөвхөн өөрийгөө нээж, хөгжүүлээд зогсохгүй хуульчдын туршлагыг судлах, судалгааныхаа цар хүрээг өргөтгөх боломжийг олгосон уралдаан болно гэж итгэж байна.
-Манай улсын эрх зүйн тогтолцооны шинэчлэлийн талаар Таны бодол ямар байна? Амьдралд нийцэхгүй, хэрэгжихгүй хууль баталж байна гэх шүүмжлэл их байдаг?
-Монгол Улсын эрх зүй дэлхийн эрх зүйн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Дэлхий нийтийн эрх зүйн тогтолцооны дөрвөн бүл болох социалист, шашны, Англи-Саксон, Ром-Германы бүлүүдээс Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиа батлахдаа Ром, Германы эрх зүйн бүл дээр үндэслэсэн.
Гэтэл сүүлийн үед батлагдаж байгаа хуулиуд Англи-Саксоны эрх зүйн бүлээс авсан хосломол шинжийг агуулах боллоо. Ийм хосломол шинжтэй хууль цаашид байж болохыг үгүйсгэхгүй ч яг ямар замаар явах вэ гэдгийг хуульчид дүгнэж цэгнэж, шийдэл гаргах ёстой.
Хуулийн нэр томъёоны асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Нэр томъёо олон улсын жишигт нийцэх, тодорхой байх, эх хэлээрээ хэрэглэж болох эсэх зэрэг асуудлуудыг шийдвэрлээгүйгээс хууль эргэлзээтэй байх, гадаад үг хэллэгийг ойлгоход бэрхшээл учрах зэрэг сөрөг үр дагавар гарч байна.
Судалгааны аргыг зөв, оновчтой тодорхойлж, бүтээлч хандах нь эрх зүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал алхам болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хуульчдын хувь нэмэр, оролцоо үнэлж баршгүй их юм. Учир нь “Эрх зүйг хуульчид бүтээдэг “гэж Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд багш хэлсэн байдгийг энд дурдахад илүүдэхгүй болов уу.
1998 онд эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр баталж эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Харин одоо шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө шүүхийн шинэтгэлийг багцаар нь хийхээр зорьж байна. Ингэснээр 40 гаруй хууль шинээр батлагдан гарахаас дийлэнхийг нь зургаа дахь удаагийн УИХ-ын чуулган амжилттай батлан гаргасан. Батлагдсан хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаагаар бүрэн төгс хууль болсон эсэхийг дүгнэж болно. Хууль хэрэгжүүлэгчид нь мэргэжлийн боловсон хүчин эрх зүйчид, хуульчид байх ёстой юм.
Монгол Улсад Үндсэн хуульт ёс төлөвшиж, эрх зүйн оновчтой, тогтвортой тогтолцоо бүрэлдэн тогтоход шинжлэх ухааны судалгаа, бусад улсын болон өөрийн орны туршлага зайлшгүй чухал гэж үзэж байна.
-Илтгэлийн уралдаан хоёр үе шаттай гэсэн. Одоо ямар шатандаа явж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдааны талаарх мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй хүргэж байгаа. Монголын хуульчдын холбоо бүх хуульчдад мэдээлэл хүргэсэн. Энэ сарын 25 хүртэл event@myf.mn хаягаар болон Монголын хуульчдын холбооны байрны 501 тоотод бичгээр материалыг хүлээн авч байна.
Эцсийн шалгаруулалт нь ирэх сарын 6-нд болж шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Нэр хүнд бүхий таван шүүгч ирүүлсэн илтгэлүүдээс шүүж шилдгийг шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн илтгэл, шинжлэх ухааны бүтээлүүд нь цаашид Монгол Улсын эрх зүйн тогтолцооны хөгжилд түлхэц өгөхүйц мэргэн санаа, гүн гүнзгий утга агуулгаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсан Б.Элбэрэлт