Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 3500 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.
Ирж байгаа асуултын дийлэнх нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байна. Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрээр 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,2 мянган төгрөг байсныг 172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг НДЕГ-ын дарга хэллээ .
Улсын хэмжээнд байгаа 318 000 орчим тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20,0 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-д өөрчлөлт орсныг НДЕГ-ын дарга хэллээ. Энэ өөрчлөлтөөр дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эсвэл нас харгалзахгүйгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 1991-1994 онд тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийг “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамруулан бүртгэж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.