logo

"Хангир" /Өгүүллэг/

2014/03/20

Жиндүү өвөл шидэрч харганын толгой салхинд найгаж, хүн малгүй хүч тамир дутуухан байлаа. Хөгшин майгадуу хөлөөрөө хурдан хурдан алхалсаар навсгар бор гэрийн үүдэнд жижиг сажиг сав суулга, хөглөрөх зүйлсийг цэгцлэн эргэлдэнэ.

Яс томтой хээр морьтой залуу уяан дээр алхуулан ирж буугаад “Ангирмаа эгч ээ, нохой хорь” хэмээн дуу муутайхан хэлснээ малын хашааны заагаар өөрийг нь харах залууг хараад “Хөөе, Хангир гуай нааш ир” чи хэмээн зандарлаа. Хангир нарны өөдөөс далий харснаа гэрийн ар тийш хуучин шар гуулин данхны таг эргүүлсээр “эмнэлгийн 69” шиг л амаараа хаазлан дуугарсаар тоос босгон гүйж одов. Хангирын ээж Ангирмаа эмгэн зочныг нэг их ойшоосон шинжгүйгээр, “Аан, сагсуу хар хаагуур явав. Манай ганц шар ат харагдана уу” гэхэд “Байна аа, байна” гээд тоостой гутлаа гэрийн үүдэнд пар пар хийтэл хоёр дэвсэж тоосоо сэгсэрмэгчээ аядаад орлоо.
 
Гэрийн хойморт зул бадамлаж, өвгөний хөрөг бүхнийг ширтэн амгалан оршино. Сагсуу хар “Манай дунд гол дээр цахилгаан гаргадаг төхөөрөмж гэнэ үү нэг юм барих юм гэнэ. Хаварт уг нь энэ дунд голын ус ихдэж тэлдэгсэн, тэр юмыг барьчихаар яах юм бол доо” гэв.

Залуу хөгшин ийн ойр зуур хөөрөлдөх авай.  Харин “ХАНГИР” гол дагуу буусан айлуудад аргал түлээ дөхүүлж, хэдэн ааруул боорцгоор шагнуулах ажилдаа гүйж одлоо.
Энэ бол түүний гол ажил юм. Хангир ер нь данхны тагаа машины жолоо мэт эргүүлж хаазлан ухарснаа гэнэт ухасхийн голоор дайрч, тэгснээ бүр хүчээ алдсан уу гэмээр зогсож, ухарч, хий эргүүлж, үгүй бүр яг л машинтай хүн шиг л аашилна. Уг нь бол далжин бакалтайгаа л данхны “Таг” аа барьсаар л явж байгаа нь энэ л дээ. Бас зуслангаас нүүхэд тэмээн хөсгийг холоос сигналдан тосно, дагана.
 
Одоо тэр том болоод айлын авгай хүүхэн айлгасан, эргүүлсэн гэх хошин марзан аймшигтай яриа голоор тархах болжээ.   
Өнөөх сагсуу харын сонин болгон хуучилсан усан цахилгаан станц Дунд голд бий болох нь. Барьж дуусгахад нутгийн өвсний гарц муудаж, загас жараахай голын ширгэсэн хэсэгт арзайлдан тонгочсоор хатаж үхэх нь элбэг болов. Тэнд нохой шувуу эргэлдэж, хүүрийн газар мэт эвгүй санагдана. Энэ газар ноходтой зэрэгцээд өнөөх Хангир суваг дагуу өнждөг болов.

Хангирын ганцаараа ярихыг хэн ч анзаарч сонсож байсангүй. Уг нь багадаа эрүүл саруул хүүхэд байсан бөгөөд нэг их ган, зудтай жил гэнэтхэн алга болоод олдохдоо дунд голын эхэнд шаазгай шувуутай ярьж суусан гэдэг. Хүний ганц хүү ийм болчих гэж нутгийнхан нь нэг хэсэг шуугиад л намдсан юм. Ангирмаагийн хөгшин ганц хүү нь ийм болчихын зэрэгцээ өмөг түшиг болсон эр нөхөр нь усанд үйж одов. Тэр одоо мэдрэл муутай ганц хүүгээ л гэж явна.
 
Ангирмаа эмгэнд нэгэн шөнө ийм бодол төрөв. Хүүгийнхээ олон жил эргүүлж гүйсэн  данхны тагийг нуучихвал эрүүл болчих мэт сэтгэн гүйцэтгэв. Гэтэл тэр өглөө Хангир алга боллоо. Сар гаруй хугацаа өнгөрөхөд нутгийн авгай нар “За тэр хүү ч больсноос гарцаагүй гэхэд нөгөө хэсэг нь ээжийнх нь үйл лайд харамсан хөөрнө.
 
Ангирмаа эмгэн сэтгэл санаагаар унаж бас л нөхрийнхөө үйсэн өнөөх голын хавиар үрээ эрнэ. Хэдэн өдрийн дараа голын эхэн дэх усан станцын сэнс рүү түүнийг үсэрч амь үрэгдсэнийг Сагсуу хар олж. Нутгийнхан оршуулгын зан үйл үйлдэж байхад өнөөх Хангир хаанаас ч ирсэн бүү мэд оршуулгын араас чанга чанга сигналдсаар, хаазлан дагаж явлаа.
 
Энэ үед ширгэсэн голын дагуух хувхай модон дундуур шар орхимжоо чирсэн олон настай хуваргууд  ном унших нь хөгжимлөг ажээ. Мөн нутгийн уул, усны эзэд гэмээр сүрдмээр том тас шувуу агаарт эргэлдэх нь ангаа барих гэж ээрсэн бүргэд шиг сүрдмээр харагдана. Нэгэн настай хуварга бусдадаа хандаж “Дунд гол маань сэргэж байна. Энэ нутгийн савдагтай “ХАНГИР” гэх хүү ярьж ойлголцдог байж.

Бид өөрсдийн амьдралдаа л санаа зовниж өөрсдийгөө л хэмлэж явдаг болохоос хажуудаа байгаа хэн нэгэн, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлээс холдож байжээ” гээд Дунд голын эхэнд байх хөгшин улиасанд хадаг зүүх гээд эргэтэл, хар дарсан нойрноос эмгэн нь сэрээж “ХАНГИР АА миний хөгшин бос цайгаа уу нар дээр гарчихлаа байна” гээд ГУУЛИН ШАР ДАНХАНДАА цайгаа юүлж байлаа. Хангир хөгшин бодолд дарагдан босоод энэ зүүдээ эмгэнээсээ нууж, явсаар удалгүй эмгэнээсээ үүрд нуугдчихсан юм даа.
 
Б.Жамбалдорж
"Алиус" Утга зохиолын нэгдэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш