logo
Барилгын зориулалтаар газар олгохоос эхлэн барилга барьж дуусах хүртэл үйл ажиллагааг нийтлэг журмаар зохицуулна

Барилгын зориулалтаар газар олгохоос эхлэн барилга барьж дуусах хүртэл үйл ажиллагааг нийтлэг журмаар зохицуулна

2014/03/21
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 20-нд болж, хуралдаанаар Барилга барих, газрын эрх олгох, барилгын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахдаа тухайн харилцааг зохицуулсан олон хууль дүрэм, журам үзэж танилцах шаардлагатай болдог.  Харин энэхүү журам нь  эдгээр олон хууль, эрхзүйн актуудыг  нэгтгэж хобогдох хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан бөгөөд илүү ойлгомжтой, хялбар болгож байгаа юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын зориулалтаар газар олгохоос эхлээд барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан журмыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулжээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж журмын төслийг танилцуулахдаа, журам батлагдсанаар иргэн хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа,  төсөл сонгон шалгаруулалтаар олгох эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Журмын төсөлд санал авах зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналуудыг нэгтгэж энэ журамд тусгасан гэж хэллээ.
Барилга барих газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралт, ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихтай холбогдон үүсэх харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөх юм. Мөн журамд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар олгох, барих ажиллагаанд оролцогч этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тусгайлан зааж өгснөөс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нарийвчлан барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлсийг ч мөн тусгажээ.
Тодруулбал, нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэрэгжлийн байгуулагын зөвшөөрөлгүй газар  эзэмших барилга байгууламж барих, бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх зэргийг хоригложээ. Мөн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргавал нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно гэж заасан байна.
Энэхүү заалтын тухай хотын дарга хэлэхдээ, “Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр газрыг хэн нэгэнд эзэмшүүлсэн бол нийслэлийн Засаг дарга огцорно гэсэн заалтыг би зориуд журамд нэмж оруулсан. Яагаад гэвэл газрыг ашиглуулах, эзэмшүүлэх эрх нийслэлийн Засаг даргад байдаг учраас энэ заалтыг журамд оруулж тусгаж өгсөн нь цаашид газрын хууль бус наймааг цэгцлэх нэг том алхам болох юм. Хэн гэдэг албан тушаалтан хаана ч хариуцлага алдсан бай заавал хариуцлагаа хүлээх ёстой”  гэлээ.  
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү журмын төслийг хэлэлцээд, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш