logo
Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй А.Меркел Монгол Улсад удахгүй айлчилна

Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй А.Меркел Монгол Улсад удахгүй айлчилна

2011/09/10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Петер Шалерыг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ноён Петер Шалерт Монгол Германы хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэх боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд дуулгаад ХБНГУ бол манай улсын Европ дахь том түнш. Монголын 40 мянга гаруй иргэн герман хэлээр ярьдаг.  Энэ хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал гүүр болж байдаг хэмээн хэлжээ.
Монгол Улс Европын холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар Европын стандартыг эх орондоо нутагшуулах зорилттой ажиллаж байгаа талаараа Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онцолсон байна.
Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Герман Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх нэн таатай үе ирж байна. Ийм түүхэн цаг үед танай сайхан оронд Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаа хэмээн ноён Петер Шалер илэрхийлээд Герман Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч сайн ажиллах болно гэжээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел Монгол Улсад удахгүй айлчлах гэж байгааг дуулгасан байна.
С.Наран
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш