logo
Шадар сайдын тавьсан илтгэл анхаарал татжээ

Шадар сайдын тавьсан илтгэл анхаарал татжээ

2011/09/10
БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо энэ оны 9 дүгээр сарын 6 наас 11-ны өдрүүдэд үргэлжилж байгаа “Зүүн Хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн үзэсгэлэн яармаг”-т Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Монголын талын төлөөлөгчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Уг үзэсгэлэнд оролцогч улс орнуудын өндөр дээд албан тушаалтнуудын чуулга уулзалтад оролцох үеэрээ Шадар сайд М.Энхболд Монгол Улсаа төлөөлөн илтгэл тавьсан байна.
Тэрээр улс эх орныхоо эдийн засгийн байдлыг чуулганд оролцогчдод танилцуулж, Зүүн Хойд Азийн орнуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар саналуудыг дэвшүүллээ. Тухайлбал аливаа орны хөгжил дэвшил дан ганц дотоодын нөөц бололцоо, техник эдийн засгийн хүчин чадлаас хамаарахгүй. Эдийн засгийн хөгжлийг хангах гол тулгуур болсон бүс нутгийн улс орнуудыг өндөр хурдны автозамаар холбох, төмөр замын сүлжээ байгуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс байгуулах чиглэлээр яриа хэлэлцээр явуулж, мастер төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэсэн байна. Цаашлаад жил бүрийн чуулганыг тодорхой нэг салбар, эсвэл тодорхой бүтээн байгуулалтын төсөл төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулбал илүүтэй үр дүнд хүрэх саналыг дэвшүүллээ. Шадар сайд М.Энхболдын тавьсан энэ саналыг Зүүн хойд Азийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч орнуудын зүгээс нэгэн дуугаар дэмжиж, зохион байгуулагч орны зүгээс дараа дараачийн чуулганд хэрэгжүүлнэ гэдгээ амалсан юм.
Үүнээс гадна Шадар сайд чуулганы индэр дээр тавьсан илтгэлдээ үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын үйл явцтай давхцан байгаль орчинд учруулж болзошгүй хор хөнөөлийг арилгах, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг бүс нутгийн хэмжээнд нэгдмэл зорилготой тэмцэх хэрэгтэйг онцоллоо. Монгол улс Оюутолгой, Таван толгойн ордууд зэрэг уул уурхайн томоохон төслүүдээ хөгжлийн түүчээ болгож байгаагаа илтгэлдээ дурдсан байна.
Гэвч Монгол Улсын Засгийн газар зөвхөн ашигт малтмалын салбараа түлхүү хөгжүүлэх биш, цаашид ашигт малтмалын салбараас олох орлогод түшиглэн үйлдвэржилт, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг бусад салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарна. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газраас улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрш орнуудтайгаа бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хамтран ажиллах шаардлага байгаа гэсэн юм. Манай улсын хувьд зүүн хойд Азийн орнуудын төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд оржээ. Энэ ч утгаараа  Монгол Улсын Шадар сайдын тавьсан илтгэл чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн анхаарлыг зүй ёсоор татлаа.
БНХАУ болон Зүүн Хойд Азийн бусад орны хооронд урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Зүүн Хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн үзэсгэлэнд өмнөх жилүүдийн адил Монгол, ОХУ, БНАСАУ, Япон, БНСУ, БНХАУ гэсэн 6 орон оролцож байна.
Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, Усны хэрэг эрхлэх газар, ОБЕГ, МХЕГ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар зэрэг яам агентлагийн удирдлагууд багтаж байна.
Т.Оюун
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш