logo
Малайзаас ниссэн онгоцыг осолдсон хэмээн мэдэгдлээ

Малайзаас ниссэн онгоцыг осолдсон хэмээн мэдэгдлээ

2014/03/25

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болоод байгаа Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэ мэдэгдлийнхээ үеэр гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл нь Английн хиймэл дагуулын "Inmarsat" компанийн мэдээлэл, мөн Английн агаарын осолд дүн шинжилгээ хийдэг бие даасан байгууллагын дүгнэлтэд үндэслэж байгаа ажээ. Малайзын Ерөнхий сайдын мэдэгдлийн өмнөхөн тус улсын иргэний агаарын компаниас онгоцонд осолдсон иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн мессеж илгээсэн байна. Тэрхүү онгоц нь Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй болсон бөгөөд тухайн үед Вьетнамын агаарын хяналтын албанаас онгоцыг Өмнөд Хятадын тэнгист унасан, одоогоор зорчигчид амьд байх магадлал бага байгаа гэх мэдээллийг өгчээ. Тухайн өдрөөс эхлэн олон улсын эрлийн баг гурван долоо хоног хайж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Осолдсон онгоцонд Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн долоо, ОХУ, Итали, Недарланд, Австри улсын нэг нэг зорчигч, нисэх багийн 12 гишүүн байжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш