Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна.
2012 онд Чингэлтэй дүүргийн 13, 14-р хороонд 30, 2013 онд Хан-уул дүүргийн 4-16-р хороонд 25, Чингэлтэй дүүргийн 7, 14-р хороо, Баянгол дүүргийн 1,7 ,12, 13, 14, 19-р хороонд 175, Сүхбаатар дүүргийн 1-16 хороонд 125 гээд нийт 369 хяналтын камерыг нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байршуулжээ.
Харин энэ онд Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороонд 217, Сонгинохайрхан дүүргийн 1-32 дугаар хороонд 180, Сүхбаатар дүүргийн 1-16 дугаар хороонд 93 нийт 490 хяналтын камерыг шинээр суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ ажилд нийт 3.6 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг нийт 859 хяналтын камертай болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулахад дөхөм болно гэж албаныхан үзэж байгаа юм.