Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг Улаанбаатар хотын хүн ам төвлөрсөн хэсгүүдэд болон орон нутагт байршуулаад нийлээд хугацаа өнгөрлөө.
Тус автомат машинаар дамжуулан 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тодруулбал, Иргэний бүртгэлийн ерөнхий газраас авдаг төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөлт, татварын өр, үлдэгдэл, тайлан тушаалт, татвар төлөгчийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэн, хувь хүний татвар төлөлт, бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг авч үйлчлүүлж байгаа. Үүний зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн захиалгыг ТҮЦ машин болон интернэт орчинд авдаг болох зорилгоор бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр тухайн хүн заавал дүүрэг, 100 айл руу очихгүйгээр өөрт ойр ТҮЦ машинаас захиалга өгч иргэний үнэмлэхээ дахин авах боломжтой болох юм.