Урин дулаан цаг ирж, дотоодын төдийгүй гадаадын аялан жуулчлагчдын хөдөлгөөн ихэсч буйтай холбогдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны үндэсний хөтөч, музейн тайлбарлагч нарын сургалтыг Монгол цэргийн музей дээр зохион байгууллаа.
Энэхүү сургалтад нийслэлийн аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын хөтөч, музейн тайлбарлагч нар хамрагдсан байгаа бөгөөд сургалтын хүрээнд Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей болон Монгол цэргийн музейнүүдэд зочилж, үзмэр, эд өлөг, үзэсгэлэнгийн танхимуудыг үзэж сонирхон, туршлага судалсан байна.
Олон улсын жуулчид, аялагчдын хувьд Монголын онгон дагшин байгаль, хүн ардынх нь амгалан тайван амьдрах орчин, ховордсон ан амьтан зэрэг нь эртнээс сонирхлыг нь татсаар ирсэн бол хоёр мянга гаруй жилийн түүхтэй монгол цэргийн эд өлөг, тэдний суу алдрыг өгүүлэх түүхэн баримтууд жуулчдын шинэ үеийг Монгол руу урин дуудах нь гарцаагүй.