Ил захидал
Төрөө түшиж, түмэн олныхоо элч болон ажиллаж байгаа Таны энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Ялгуусан хэмээх модон морин жилийн хавар ээлтэй сайхан болж, гадаа урин цагийн өдрүүд айлчлан ирж, амьтай бүхэн соёолж, шимтэй бүхэн дэлгэрч байна. Ийм эерүү сайхан цагаар Монгол хүмүүний сэтгэл оюун тунгалаг болж, бие сэтгэл тэгширч, ирээдүйн сайн сайхнаа өөдрөгөөр бэлгэдэн бүтээх их ажил үйлсээ өрнүүлдэг сайхан уламжлалтай. Монгол тулгатны гал голомт, голт зүрх болсон улсын маань нийслэл Улаанбаатар хотод иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үндсэн зорилт дээр суурилсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнгөрсөн онд өргөн далайцтай өрнөсөн, одоо ч өрнөсөөр байгаа.
Нийслэлд олон жил урхагшиж бугшсан төвөгтэй, замбараагүй асуудлыг яаралтай цэгцэлж, төрөлх хотдоо бусдаас дутахгүй сайхан амьдрах итгэл, найдвараар жигүүрлэсэн их хүлээлт, итгэл иргэдийн дунд, нийгэмд бий болоод байгааг Та бид мэдэх билээ. 2014 оны хувьд нийслэлд 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгажилтыг эхлүүлж, 50 гаруй км автозамын өргөтгөл шинэчлэл хийж, 20-иос илүү цэцэрлэг, бага сургуулийг шинээр барих, иргэдийн орон сууцны хангамжийг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх зэрэг нийслэлчүүдийн аж амьдрал, тав тух, ирээдүйг өөрчлөн баяжуулах, түүхийг шинээр эхлэх бүтээн байгуулалтуудыг хийхэд бэлэн болсон.
Энэ бүхнийг хийж бүтээхэд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл тусламжийг өргөн далайцтай ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотын иргэдийн олон жил хүсч хүлээсэн хотын төвлөрлийг багасгахад чухал ач холбогдолтой Баянхошуу, Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах “Азийн хөгжлийн банк”-ны 320 сая доллар, тусгай замын автобус буюу BRT-гийн 265 сая долларын зээлийн төсөл, “Улаанбаатар метро”-г 2020 онд ашиглалтад оруулахын тулд зураг төслийн ажлыг энэ онд хийж гүйцэтгэхэд шаардагдах 46 сая долларын зээл зэрэг нийслэлээ өөрчлөн шинэчлэх өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгө оруулалт хүлээгдсэн хэвээр байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалт, төслийн санхүүжилтийн асуудлыг өрийн хэмжээ хэтэрсэн үндэслэлээр УИХ-аар хэлэлцэхгүй цаг алдаж байгаад харамсч байна.
Бидний хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн асуудлыг нэг хором ч удаашруулах эрх, зүрх сэтгэл байх ёсгүй. 40 жилийн дараа төлөх нийт өрийг Монгол Улсын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулдаг одоогийн энэ аргачлал цаг үеэсээ хоцорсон, бодит байдалтай огтоос нийцэхгүй байгааг ойлгох цаг болсон гэж бодож байна. Тиймээс Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай эргэн харж, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгахыг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
2014 оны төсвийг зохиохдоо хэрэглэсэн валютын ханшийн үндэслэл тооцоог ч эргэн харах бодит шаардлага бий боллоо. Төсөвт тусгасан валютын ханш өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур байгаа нь төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтын ажиллагаанд хүндрэл учруулж эхэллээ.Төсвийн хүндрэлийн улмаас нийслэлийн хөгжилд чухал шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилт эргэлзээтэй болсонд олон хүний урам хугарч буй нь лавтай. Хөрөнгө оруулалтын төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлэн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг эрс сайжруулах 110 квт-ын цагираг,Яармагийн гүүр, Нисэхийн хурдны хос зам, Биокомбинат-Шувуун фабрикийн 22 км авто зам гэх мэт нийслэлчүүдэд амин хэрэгцээтэй байгаа, хойшлуулж боломгүй бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтыг зогсоохгүй байх бүх талын арга замыг хайх хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд “Гудамж” төслөөс нийслэлд хэрэгжүүлж буй ажлууд, орон сууцны санхүүжилтийг ч зогсоох тухай болчимгүй үгс зарим сайд, дарга нарын амнаас унах болов.
Монгол Улсын нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв, даяар Монголын ариун голомт Улаанбаатар хот маань хэр өнгөтэй, өөдрөг явахаас улс орны маань ирээдүй, хөгжлийн хурд шууд хамаарах билээ. Үүнийг Та бүрнээ ухаарч, холыг харж хоёрыг эргэцүүлж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Эрхэм төрийн түшээ Таны улс гэрээ засах холч ухаан, эх оронч халуун сэтгэл тань улсынхаа нийслэл Улаанбаатарын төлөө эгнэгт цохилж, үүний төлөө өөрт ногдсон эрх үүргийн дагуу ажиллаж байгаа бидний хүсэлтийг дэмжинэ гэдэгт гүнээ итгэнэ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ