Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл, Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой юм. Соёлын төв өргөөнд шинээр байгуулах балетын тайз болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг соёл урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийн хөрөнгөөр бий болгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.