logo
Сэтгэлд оч байвал тулганд гал бадарна...

Сэтгэлд оч байвал тулганд гал бадарна...

2014/04/07
АНУ-д том хувийн сууц эргээд моодон орж байж магадгүй ч жижиг байшин сонирхогчдын тоо буураагүй байна. Муурын байшинтай ганц биечүүдэд зориулсан Tinyhousedating.com хэмээх болзооны сайтыг нээсэн нь ч үүнийг батална. Хоёр долоо хоног орчмын өмнө нээгдсэн энэ сайт аль хэдийн 400 гаруй гишүүнтэй болсон гэж сайтыг үндэслэгч Кай Ротшел мэдэгджээ. Тэрээр Yahoo-д ярилцлага өгөх үеэрээ өөртэйгөө ижил хэв маягаар амьдардаг хүмүүстэй танилцах хэцүү байдаг хэмээн ярьсан байна.

Хэт хэрэглээг таягдан хаяж, жижиг байшинд "эко" амьдрах хүсэлтэй хосуудын нэг нь Рөүд Айландад амьдардаг Жесс Белумеур, Дан Сулливан нар юм. Өнгөрсөн 1-р сард тэд 12 метр квадрат сууцаа барьж дуусгажээ. Залуу хос энэхүү байшингаа барихад ердөө 10,000 орчим ам.доллар зарцуулсан байна. Ердөө гэсний учир нь АНУ-д дундаж сууц үүнээс даруй 25 дахин өндөр үнэтэй буюу 250,000 ам.доллараар үнэлэгддэг.

Жесс "Үүнээс өмнө бидэнд байшин байсан л даа. Гэхдээ бид гал тогоо, зочны өрөөгөө л ашигладгаа анзаарсан. Инээдтэй санагдсан шүү. Би санхүүгийн хүндхэн нөхцөлд орсон байсан. Надад байсан байшингийн хэрэг гараагүй" хэмээн ярьсан байна.  Тэрээр 45,000 ам.долларын сургалтын төлбөрийн зээлтэй тул нөхрийн хамт Sketchup.com-ийн үнэгүй програмыг ашиглан байшингийнхаа загварыг гаргаж, өөрсдөө барьжээ.

Залуу хосд газар худалдан авах мөнгө байгаагүй тул Жессийн эцэг эхийн байшингийн арын хашаанд сууцаа барихаар шийдсэн байна. Тиймээс сарын цахилгааны төлбөр болох 120 ам.доллараас өөр  төлбөр төлдөггүй ажээ. Харин халаалтын асуудлаа шийдэхдээ тэд 400 ваттын цахилгаан халаагуур ашигласан байна. Байшингаа бариад бараг дуусчихсан учраас Жесс, Дан хоёр Жессийн сургалтын төлбөрийн зээлийг төлж, газар худалдан авах мөнгө хуримтлуулах урт хугацааны зорилгыг тавиад байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш