logo
Түлэгдэж шаналсан хүүхдүүдэд эмнэлэг хэрэгтэй байна

Түлэгдэж шаналсан хүүхдүүдэд эмнэлэг хэрэгтэй байна

2014/04/11
Түлэнхийн төвийн барилгыг царцаах сонирхол хэнд байна вэ?
 
Монголдоо ганцхан бай­даг Түлэнхийн төв эм­нэлгийн хаалгыг бариад нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд тус эм­нэлэг нэг­дүгээр хороололд байрлалтай “Мөнгөн­ гүүр” эмнэлгийн хэсэг өрөөг сарын 30 сая төгрөгөөр тү­рээслэн, үйл ажил­лагаагаа явуулж байна.
 
Уг нь Түлэнхийн төвийг Гэмтэл, Согог судлалын үн­дэсний төв рүү шилжүүлэх үеэр “Хуучин суурин дээр чинь шинэхэн эмнэлэг ба­риад өгнө. Мэргэжлийн хя­налтын байгуул­лагын удаа дараагийн шаардлагын дагуу хаахаар болсон” гэж Эрүүл мэндийн яамныхан болон сайд нь их л сүр дуулиантай мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан.
 
Тиймээс олон нийт “Стандартад то­хирсон орчин үеийн шинэ эм­нэлэгтэй болох нь” гэж их л таатай хүлээж авч байсан. Гэтэл одоо Тү­лэнхийн төвийн эмнэлгийг барих уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байна.
 
Тодруулбал УИХ-ын Төс­вийн байнгын хорооноос гишүүн Д.Болороор ах­луулсан ажлын хэсэг гарч 2013 онд царцаасан хөрөнгө оруулалтын төс­лүүдийг судалж үзээд Тү­лэнхийн төвийн барилгын санхүүжилтийг бүр мөсөн зогсоож хасах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ Үндэсний ауди­тын газрын гаргасан дүг­­нэлтэд үндэслэсэн байна.
 
Бүр тодруулбал тус газраас дүн шинжилгээний аудитаар хэрэгжүүлсэн арга зүй, горим судалгааны 1.7-д үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан гэсэн үг.
 
Тухайлбал “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянаж дахин боловсруулсны үндсэн дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөл хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судлах, одоогийн байршил дээр хүүхдийн эмнэлэг барих ТЭЗҮ, зургийн даалгавар боловсруулах нь зүйтэй” хэмээх дүгнэлтийг гаргажээ.
 
Эндээс нэг зүйлийг ажиг­лахад үндэсний аудитын газрынхан өөрсдийн ажил үүргийнхээ хуваарийг мэд­дэггүй юм болов уу гэж харагдахаар байгаа юм. 2013 онд авлигажсан төсвүүдийн асуудал хурцаар яригдаж байсан. Энэ үндсэн дээр тус газраас хөрөнгө оруулалтын төслүүдийн төсвийг хянаж шалгахаар болсон. Өөрөөр хэлбэл Үндэсний аудитын газар бүтэн гурван сарын турш ажиллахдаа УИХ-аас хөрөнгө оруулалтыг нь “царцаасан” 243 обьектын төсөвт өртөг ямар шалтгаанаар өссөнийг тогтоож чадаагүй. Уг нь төсөв авлигажсан эсэхэд гол дүгнэлт хийх ёстой байтал эмнэлгийг барих эсэх, улмаар ямар эмнэлгийг хаана барих нь зүйтэй вэ гэх мэтээр Эрүүл мэндийн яамны бодлогод хэт оролцсон дүгнэлт гаргасан нь өвчиндөө шаналан хэвтэж буй олон хүнээр даажигнасантай утга юм. Уг нь ямар эмнэлэг салбарт нь хэрэгтэй байгаа, түүнийг хаана, барихаа салбарын яам нь шийддэг. Харин аудит нь төсөв мөнгө үндэслэлтэй эсэхэд л хяналт тавьж ажилладаг.
 
Ингээд Түлэнхийн тас­гийн эрхлэгч С.Бат-Оргил “Бид өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж эмнэлгийн стандарт шаардлагыг хангаж ажиллах ямар ч боломж байхгүй. Яг хаанаа гацаад байгааг сайн ойлгохгүй байна. Бид явах ёстой газраар нь өч төчнөөн л явж хөөцөлдлөө. Үр дүнд хүрсэнгүй. Уг нь барилгын зураг төсөл нь гарч дулааны асуудлыг нь шийдсэн. Аль хэдийнэ барилгын ажил эхлэсэн байгаа. Харин яг хэзээ ашиглалтад орох талаар нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Бидний ойлгож байгаагаар газрын асуудал маргаантай байгаа гэсэн. Гэхдээ үүнийг холбогдох яам, агентлагаас нь асуусан нь дээр байх” гэлээ.
 
Ямартай ч Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг иж бүрэн хийж тендер зарлан гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж гэрээгээ байгуулсан барилгын ком­пани барилгын аж­лаа эхэлчихээд байхад уг барилгыг бүрмөсөн зогс­оож, шинээр зураг төсөв боловс­руулан өөр газар барих шийдвэр гаргах гэж байгаа нь хэн гэгчийн ашиг сонирхол юм бол. Уг нь өмнөх зураг төсөвт нь улсын төсвөөс 200 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн гүйцэтгэгч компани нь ажлаа эхлээд тодорхой хэмжээний зардал гаргасан байгаа. Тиймээс дээрх мөнгөний хохирлыг хэн төлж барагдуулах вэ. Түүнчлэн шинээр зураг төсөл боловсруулахад хэчнээн төг­рөгийн зардал гарах, цаг хугацаа, дахин тендер зар­лаж шинээр гүйцэтгэгч ком­пани шалгаруулах хүртэл хэдий хэрийн хугацаа орох, хувийн компанид түрээсийн төлбөр төлсөөр байх вэ гэх зэрэг маш олон асуудал гарч ирэхийн зэрэгцээ бүх зардлууд улсын төсвөөс гарч татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаж байна гэсэн үг.
 
Ядарсан мөнгөгүй ард иргэд ороо булаацалдан өөр хоорондоо хэрүүл хийж байдаг зовлонг түлэгдэж хайрагдлаа гэхэд гадагшаа яваад эмчлүүлчихдэг мөнгө­тэй баян, бэл бэнчинтэй нөхөд мэдэхгүй болохоор ийн аяглаж буй хэрэг.
Түрээс төлж буй түлэнхийн төвийнхөн “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэгдүгээр давхарт байрлах өвчтнүүд боолт сольдог өрөө буюу 101 тоотын үүдэнд чихэлдэж дугаарладаг.
 
Гар хөл нь түлэгдсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эх хүмүүсийн хөл хөдөлгөөн тэнд өглөөнөөс орой болтол үргэлжилдэг.
Эмнэлэгт ирсэн хүүхдүүд ихэвчлэн бага насныхан. Энд суух сандал хомс, хэтэрхий нарийн хонгилтой учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ шархыг хөндчихгүйг хичээн хөдлөхдөө ч болгоомжлох аж. Халуун хоол, цайнд түлэгдсэн, химийн хортой бодис уусан хүүхдүүд шархандаа шаналан уйлах нь даанч өрөвдөлтэй.
 
Түрээсээр ажиллаж бай­гаа болохоор Түлэнхийн тө­вийнхөнд иймэрхүү жи­жигхэн өрөө гаргаж өгсөн бололтой юм. Өдөртөө хам­гийн багадаа 40-50 хүн ирдэг ч энэхүү умгар өрөөн­дөө ирсэн өвчтнүүдийг аль болох хурдан үзээд боолт хийн явуулахыг зорьдог гэдгээ эмнэлэгийн ажилчид нуугаагүй юм.
 
Түлэгдсэн хүүхдээ тэ­вэрсэн эцэг, эхийн цуваа үл тасрах энэ төвийг зорьж очсон зарим нь хүлээсээр ч эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос буцсан тохиолдол ч олон байдаг.
 
Түлэгдсэн, хөлдсөн болгоныг хүлээж авах үүргийг хүлээсэн ч төр, засагтаа хаягдсан Түлэнхийн төвийнхөн түрээсийн байранд иймэрхүү дүр төрхтэйгөөр өдөр хоногийг өнгөрүүлж байна.
 
Уг нь балгас болчихоод байгаа Түлэнхийн төвийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчлэх олон улсын стан­дартад нийцсэн долоон давхар эмнэлэг барих ажил эхэлчихээд байхад нь үндэс­ний аудитын газрын гаргасан дүгнэлтээс үүдэн Түлэнхийн төв эмнэлэгийн барилга зогсох дээрээ тулаад байгаа нь харамсалтай.
 
Улсдаа ганцхан эмнэлэг халаасны өрөө хөлслүүлж байгаа төр, засгийн эрхмүүд Түлэнхийн төвд тун яаралтай очиж бодит байдлыг гүдээрээ харсан нь зөв байх. Тэнд халуун цай, хоол, усанд түлэгдсэн хүүхдүүдийн өр зүсч гүд дальдрам байдал үргэлжилсээр байна шүү, төрийн түшээдээ.
 
Эцэст нь хэлэхэд тү­лэнхийн төвийн буурин дээр хүүхдийн эмнэлэг биш монголд ганцхан байх эл эмнэлгийг барих нь зүйтэй гэдэгтэй олон нийт санал нийлэх байх. 
 
Р.Саруул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш