logo
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа

2014/05/12

УИХ-аас “Чөлөөт бүсийн тухай” хууль болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус батласан. Хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байгуулах зорилгоор бүсийн Захирагчийн албаны бүтэц, орон тоог Засгийн газрын хуралдаанаар баталж, улсын төсвөөс 23 тэрбум  төгрөг зарцуулж, дэд бүтцийн ажлууд хийгдсэн.

Одоогийн байдлаар бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын барилга угсралт, шалган нэвтрүүлэх байр, гааль, худалдааны зам, талбай зэрэг ажлууд бүрэн хийгдсэн байна. Цаашид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа.

Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгажээ.  Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжихээр зорчигчийн хувийн хэрэглээний хүнсний болон гэр ахуйн цахилгаан барааны квотыг тогтоож, квотод ороогүй бараа бүтээгдэхүүнээс 3 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулах туршилтын зохицуулалтыг оруулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш