logo
Тоть хөгжмийн аялгууг ч дууриан аялж чадна

Тоть хөгжмийн аялгууг ч дууриан аялж чадна

2011/09/13
Тоть хүний дуу хоолойг дууриаж чаддаг учраас хүн бүрийн хайрыг хүлээдэг шувуу юм. Харин бид тоть хэрхэн ярьдгийг төдийлөн мэддэгүй. Хүн төрөлхтөн ярихдаа амьсгалын систем, төвөнх, хоолой,уруул, хэлээ хэрэглэдэг.

Харин тотьнуудад хоолой заяагаагүй аж. Хоолойн оронд дуу авиагаа тусгай эрхтэн буюу өргөлтийн хоолойн системийн тусламжаар гаргадаг байна. Шувууны дээд өргөлтийн хоолой нь амьсгалын болон мөгөөрсөн хоолойноос бүрдэх бөгөөд авиаг цуурайтуулан гаргах зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг гэнэ.

Мөгөөрсөн хоолойноос ирэх агаар амьсгалын замын хоолойгоор дамжин хоолойд ирдэг байна. Ингэхэд цуурайтуулагч эрхтэн авиаг чичрүүлэн гадагшлуулдаг аж. Энэ тогтолцоо нь хүний бие махбодын дуу гаргах тогтолцоотой адил юм. Гэвч шувуунаас гарах дуу авианд хэл чухал үүрэгтэй. Жигүүртнүүд нь хэлээ "мм"-ээр хөдөлгөхөд хүртэл өөр төрлийн дуу авиа гаргах авъяастай гэнэ.

Байгальд амьдрах тоть, тэр ч бүү хэл хэрээ шувуу нь бусад жигүүртний дуу хоолойг дууриадаг байна. Байгалиас заяасан төрөлхийн авъяас нь тэнгэрийн амьтдын хоорондын холбоо, сүлбээг нягтаршуулдгаараа онцлогтой аж. Тэд зөвхөн бусад жигүүртний хэлийг бус хүн төрөлхтний дуу авиа,үг хэлийг дууриаж чаддаг. Иймээс ч эзэндээ дасч илүү ойр дотно харилцаа тогтоодог учиртай. Хүний хэлээр хамгийн сайн ярьдаг саарал тотиноос эхлээд Ара, Какаду шувуу ч ярьж чаддаг аж.

Тотинууд ганцаараа өсч томорсон ч хэл яриаг хаанаас ч юм сурчихдаг чанартай. Мэргэжилтнүүд гэртээ тоть тэжээдэг хүмүүс хамгийн түрүүнд тэднийг ярьж сургахад анхаарлаа чиглүүлэхийг буруу гэж үзэж байна. Түүнчлэн ярьдаг шувууд ганцаардалд тун дургүй гэнэ. Тиймээс тэднийг хос хосоор нь байлгавал илүү ихийг сурах боломжтой аж.

Тотинууд хүний хэлийг хүчээр сурдаггүй гэнэ. Тэд сонирхол татсан, хөгжилтэй зүйлийг өөрөө л сурчихдаг гэнэ. Мөн зааж сургахад анир чимээгүй орчин тохиромжтой. Хэлсэн үгийг адил давтаж сонсгох нь үр дүнтэй. Дөнгөж ярьж сурч буй тоть өгүүлбэр зохиож хэлэхдээ зовдог байна. Харин үгээ нэг нэгээр нь сурч байгаад өөрөө өгүүлбэрийг сурчихдаг гэнэ шүү. Мэргэжилтнүүд байнга хөгжим сонсдог тоть аяыг ч дуурайхыг оролддог гэжээ.

Б.Болор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш