logo
УИХ-ын дарга тариаланчдад урам өглөө

УИХ-ын дарга тариаланчдад урам өглөө

2011/09/13
‘’Хаан ембүү’’ зургаан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумдад ажиллаж, ургац хураалтын ажлын явцтай танилцсаны зэрэгцээ УИХ-аас батлан гаргасан хууль, төрөөс газар тариаланг дэмжих бодлогын талаар тариаланчидтай ярилцлаа. УИХ-ын дарга эхлээд Жаргалант сум дахь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг ‘’Хаан ембүү’’ ХХК-ийн сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ХХК 1996 онд байгуулагдсан, Улаанбаатар хотоос 135 км-ийн зайд оршдог бөгөөд 2008 онд Европын Холбооны улсууд, тэр дундаа Голланд, Чех, Герман, Итали зэрэг орнуудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон гэж компанийн захирал Ж.Мөнхжаргал хэллээ. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шалтгаалан ‘’Хаан ембүү’’сүүний үйлдвэрийн сүү боловсруулах үйл явц бүрэн автоматжсан, цахим удирдлагатай байх гадаадын шилдэг технологийг нэвтрүүлснийг УИХ-ын дарга сайшааж байв. Тус үйлдвэр зах зээлд зургаан нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн /цагаан йогурт, жимстэй йогурт, элгэн тараг, цөцгий, сүүг үйлдвэрийн аргаар савласан сүүн бүтээгдэхүүн/ үйлдвэрлэн борлуулдаг аж. Тэднийх зуны улиралд нэг литр сүүг 350 төгрөгөөр, харин өвлийн улиралд 850 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал нэг хоногт 60-70 тонн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Гэвч одоо зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, өдөрт 2 тонн сүү боловсруулж байгаа юм байна.УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дотоодын сүүний үйлдвэрийг энэ мэт байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах заалд нийлүүлж байгааг бодлогоор дэмжих хэрэгтэй. ингэснээр гадаад орнуудаас импортоор орж ирэх сүүний нийлүүлэлтийг зах зээлээс түрэн гаргаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болохыг онцолж байв.
Сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд нар Жаргалант сумын Нарангийн энгэрт байрлах иргэн Г.Батбаярын тариан талбайд зочиллоо. Тэднийх 100 гаруй га талбайд зургаан төрлийн сортын төмс, 5 га газарт манжин, лууван тариалжээ. Тариаланчдыг дэмжихийн тулд УИХ-аас хийж байгаа эрх зүйн зохицуулалт, урамшууллыг бодит амьдрал дээр иргэд тэр бүр мэдэхгүй байгаа аж. Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд нар иргэн Г.Батбаярын тариалангийн талбайтай танилцаж байхдаа газар тариаланг дэмжиж байгаа бодлогын талаар иргэдэд ярилцсан юм. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу хоёр жилийн өмнөөс эхлэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхийн тулд НӨАТ-ыг тэглэсэн, дотоодын тариаланчдыг дэмжихийн тулд гадаадаас импортоор оруулж ирэх хүнсний ногооны татварыг 15 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогоор хэрэгжүүлснийг тэд тариаланчидтай ярилцахдаа хэллээ. Энэ бодлого ч бодит амьдрал дээр үр дүнгээ өгч эхэлсэн нь УИХ-ын даргын Төв аймагт хийсэн ажлын айлчлалын үеэр харагдаж байв.

Газар тариалан сэргэж, иргэд газрын шимийг хүртэж байна
УИХ-ын дарга дараа нь ‘’Хөх баянбулаг’’ ХХК-ийн тариа хураалтын явцтай танилцсан юм. Тус компани нийтдээ эргэлтийн 6000 га талбайтай агаад энэ оны байдлаар 2840 га-д улаан буудай тариалж, 3200 га-д уринш боловсруулалт хийжээ. Компани 50 үндсэн ажилтантай, хавар, намарт улирлын чанартайгаар 30 гаруй ажилчин орон нутгаас авч ажиллуулдаг. Жилд дунджаар улсад 45-50 сая төгрөгийн татвар төлдөг, санхүүгийн хувьд биеэ дааж ХАА-н үйлдвэрлэлийг тогтвор суурьшилтай явуулж ирснээ компанийнхан танилцуулав.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл газар тариалангийн салбар сэргэж, иргэд газрын үр шимийг хүртэн, эргээд баялаг болгох, зах зээлд борлуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх үйл явц хөдөө нутагт идэвхсэнд сэтгэл өндөр байгаагаа ургацын байдалтай танилцах үедээ онцлон хэлж байв.
Үр тарианы хувьд төрөөс барьж байгаа бодлого бол үйлдвэрлэлийн зориулалтаар тушаасан нэг тонн үр тариа тутамд мөнгөн урамшуулал олгож эхэлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд тариаланчдын нэг тонн үр тариа тутамд 80 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байсан бол энэ жил 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. Тариаланчид ч үүнд урамшиж байгаагаа хэлж байв.

Жилийн дөрвөн улиралд малын ногоон тэжээл бэлтгэдэг үйлдвэр

Төв аймгийн Жаргалант сумын ‘’Борнуур Фүүдс’’ ХХК-ийн үхрийн ферм болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй УИХ-ын дарга танилцлаа. Тус компани эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь өдөрт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд ариутгасан сүү, аарц, шар сүү зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Компани бас саалийн 100 үнээтэй юм. Тэднийх малын тэжээл бэлтгэх ажилд шинэчлэл хийж, сүүлийн 20 жилд Борнуур суманд огт хийгдээгүй эрдэнэ шишийн даршийг 2010 оноос бэлтгэж эхэлжээ. Хуучин хорголжин тэжээлийн үйлдвэрийг сэргээж малын ногоон тэжээл үйлдвэрлэхээр Австрали улсын дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд цаашид энэ технологийг өргөнөөр хэрэглэх сонирхол их байгааг компаний захирал С.Ганбаатар УИХ-ын даргад танилцуулав.
УИХ-ын дарга 50 жилийн өмнө хиймэл нуур байгуулах ажилд оролцож явжээ
Төв аймаг тариалангийн бүс нутаг. Энэ утгаараа газар тариаланг дэмжих, усалгааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор хиймэл нуур байгуулах ажил эртнээс хийгдэж иржээ. Тус аймагт томилолтоор ажилласан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хувьд 1962 онд оюутан байхдаа Борнуур суманд хиймэл нуур байгуулах ажилд гар бие оролцож явжээ. Тэр газартаа 50 жилийн дараа дахин ирж хоёр сая шоометр ус агуулах боломжтой болж өргөжүүлсэн хиймэл нуурын усны зохицуулалттай танилцав. Мэдээж оюутан ахуйд нь эхэлсэн ажил одоо өргөжиж, тэр үеэс хойш газар тариалангийн бүс нутгийг дэмжиж, услалтын системийг шийдвэрлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг Борнуур сумын Засаг дарга Н.Мөнхбаатар хэлж байв.

О.Лхагважав үлгэр жишээ фермерийн аж ахуйтай нэгэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ням гаригт Батсүмбэр сумын тариаланчид, иргэдтэй уулзлаа. УИХ-ын дарга эхлээд Батсүмбэр сумын тариаланч О.Лхагважавынд буулаа. Тэднийх сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт “Алатау” үүлдрийн үхэр үржүүлж, фермерийн аж ахуй эрхэлдэг аж. Тэднийх 40 гаруй саалийн үнээтэй, нэг үнээнээс 8.5 литр сүү, жилдээ 2290-3000 литр сүү авдаг байна. Махны гарцыг сайжруулах үүднээс өөрийн орны болон гадаад орнуудын өндөр ашиг шимт бухны хөлдөөсөн үрээр жил бүр 15-20 үнээнд зохиомол хээлтүүлэг хийдэг агаад хээл авалт 88.0 хувьтай байгаа нь олон улсын стандартын түвшинг хангасан үзүүлэлт юм.
УИХ-ын дарга фермерийн аж ахуйн зэрэгцээ төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, түүнийгээ хашаажуулан хамгаалалтад авч, мөн хадлангийн талбайгаа хашиж, өөрийн хэрэгцээний малын тэжээлээ бүрэн хангаж байгааг сайшаалаа. Мөн дулааны улиралд сүүг гашилгаж, муудуулахгүй байх зорилгоор жижиг оврын сүүний хөргөлтийн цех ажиллуулж, ойр орчмын фермерийн сүүг нэгтгэн авч хамтран ажиллаж байгаа энэ эхлэлээ цаашид эрчимжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.

Тариаланчид НӨАТ-ыг тэглэсэн талаар ойлголтгүй байна
Энэ жил Батсүмбэр сум 340 га талбайд төмс, 200 га-д хүнсний ногоо, 400 га-д малын таримал тэжээл тариалжээ.. Төмс, хүнсний ногооны тариалтыг энэ сарын 20-нд дуусгана гэж сумын Засаг дарга Д.Ганбаяр хэлж байв. Одоогийн байдлаар сумын хэмжээнд нийт нөөцлөх хадлангийн 60 хувь буюу 4200 тонныг бэлтгэсэн байна.
УИХ-ын дарга тус суманд ажиллахдаа чацаргана, үхрийн нүд болон нарийн ногоо тарьж байгаа иргэн Г.Очирбатынд зочиллоо. Тэднийх 4 га талбайд хоёр төрлийн сортын чацаргана, 1 га талбайд үхрийн нүд тарьжээ. Жилдээ ойролцоогоор 3 тонн чацаргана хураан авч, зах зээлд нийлүүлдэг байна. Тэднийх 1972 оноос эхлэн чацаргана тарьж байгаа агаад чацарганаа нийслэлийн Хан-Уул дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд нийлүүлдэг аж.
Тэрээр ‘’Хийе гэвэл ажил их байна, сайхан амьдрах нөхцөл бололцоо хаана ч байдаг юм байна’’ хэмээгээд өөрийн чацарганы аж ахуйг УИХ-ын даргад танилцуулаад цаашид чацарганаараа олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодолтой байгаага хэлж байв. Тэднийх одоогоор чацарганы тос, шүүс болон чдарс үйлдвэрлэж байгаа аж.  Иргэд газрын үр шимийг хүртэн хөдөлмөрлөж байгаа нь бэлэнчлэх сэтгэлгээг халж, өөрсдийн хүчээр сайхан амьдрах бололцоо буйг харуулж байгааг УИХ-ын дарга энэ үеэр онцолж байв. Г.Очирбатын чацаргана тарьдаг туршлагыг хуваалцахаар хувь иргэд ч УИХ-ын дарга, гишүүнийг дагалдан явсан юм.
УИХ-ын даргын ажлын бүрэлдэхүүн дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажиллав. Тус хорооны нутаг дэвсгэрт ажилгүй иргэдийг ажлын байртай болгох зорилгоор нийслэлийн Хөдөлмөрийн газар болон дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хөдөлмөрийн насны 800 гаруй иргэнийг ажлын байраар хангах ажил биеллээ олжээ. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан иргэд энэ оны 5-10 дугаар сарын хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд 200 га талбайд төмс тарьж, 1000 тонн ургац хурааж авчээ. Мөн 87 га-д хүнсний ногоо тариалж, 70 гаруй тонн ургац хураажээ. Цаашид энэхүү хөтөлбөр ‘’Улаанбаатар агро парк’’ болж өргөжин, иргэдийг ажлын байраар хангах зорилт тавьснаа тэд УИХ-ын даргад танилцуулав.
Ийнхүү иргэд бүлэг болж, ажлын байраар хангагдахын зэрэгцээ тус хороонд иргэд хувиараа хүнсний ногоо тарьж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг туршлага ч байна. Тэдний нэг нь иргэн Г.Батмөнхийнх юм. Тэднийх 90 га-д байцаа болон хүнсний 18 төрлийн нарийн ногоо тарьжээ. Зах зээлийн эрэлтээс шалтгаалан цэцэгт байцаа, хулуу, хятад байцаа, булцуут сонгино, чинжүү тариалж байгаа нь газар тариалангийн салбарт хийж байгаа шинэчлэлийн нэг хэсэг болсноос гадна монгол хөрсөнд гадаадын нарийн сортын хүнсний ногоо ургах бүрэн бололцоотойг харуулж байгааг УИХ-ын дарга энэ үеэр хэлж байв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд ийнхүү хоёр өдөр Төв аймгийн гурван суманд ажиллахдаа газар тариалангийн салбарын хөгжил, өнөөгийн байдал, тариаланчдын өмнө тулгарсан бэрхшээлтэй асуудлуудын талаар тэдэнтэй ярилцаж, санал бодлоо хуваалцаж байлаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон фермерийн аж ахуй эрхлэгчидтэй ч уулзсан.
Төрөөс газар тариалангийн салбарыг 2008 оноос ‘’Атрын-III’’ аяны хүрээнд эхлүүлж, тариаланчдыг НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн нь газар тариалангийн салбар сэргэх үндсэн нөхцөл болсныг УИХ-ын дарга хэлж байв. Тариаланчдыг дэмжсэн мөнгөн урамшуулал олгож эхэлсэн нь үр дүнтэй байгааг УИХ-ын дарга дахин онцлоод харин одоо сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд ААН-ийг төрөөс бодлогоор дэмжих зохицуулалт хийх судалгааны ажлыг эхлүүлэхийн чухлыг хэлж байв. Иймээс сүүний үйлдвэрт тушаасан малчдын сүүний нэг литр эсвэл нэг тонн тутамд мөнгөн урамшуулал олгох тооцоог гаргаж, УИХ-д оруулж ирэх үүргийг ХХААХҮ-ийн яамны холбогдох мэргэжилтнүүдэд өгөв. Ингэж чадвал газар тариалангийн салбар хөл дээрээ босч, тариаланчид сэтгэл дүүрэн байгаагийн нэгэн адил малчид, тэр дундаа сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фермерүүдийг дэмжих төрийн бодлого үр дүнд хүрэх эдийн засгийн томоохон хөшүүрэг болно гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш