logo
Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан болов

Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан болов

2014/05/20

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаж, өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд дүүргийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэг, иргэд нийтдээ 2520 ширхэг төрөл бүрийн мод тарьжээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах тухай захирамжаар Засаг даргын орлогч Л.Нармандахаар ахлуулсан ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, дээд газраас өгсөн чиглэлийн дагуу талбайн цэвэрлэгээ, зам талбайн усалгааг баярт зориулж бэлдэх, цахилгааны эх үүсвэрийг хангах тухай ажлуудыг холбогдох хэлтсүүдэд өгчээ.

Шуурхайн дарааллаар Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Замын цагдаагийн тасаг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, замын зорчих хэсгийн хажууд байнга зогсдог хүнд машин механизмуудыг болон зөвшөөрөлгүй том оврын машин ашиглаж элс, хайрга, дайрга зарж борлуулан зогсож байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Та бүхэн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тус дүүргийн цахим хуудасны “Шуурхай зөвлөгөөн” булангаас үзнэ үү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш