logo
Мөнгийг яс бүү тоол

Мөнгийг яс бүү тоол

2014/06/10
 МӨНГӨНД САЛХИ ОРУУЛ
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна.

БҮҮ ШУНА
Хүсэл, шуналаа хязгаарла. Янз бүрийн арга бүү сэд. Мөнгөнд хэт догдлох мөн эмзэг хандах хэрэггүй. Танаас мөнгө гарах ёстой л бол түүнийгээ өг. Мөнгөө алдсан тохиолдолд хэзээ ч бүү харамс.

МӨНГИЙГ ЯС БҮҮ ТООЛ
Монгол хүн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг.  Багцааг нь тоймолж мэддэг. Та ч гэсэн мөнгөнд тэгж ханд. Үдэш орой мөнгө бүү тоол. Мөнгөний асуудлаар хүнтэй хэрүүл бүү хий. Өглөө учрыг нь ол.

ФЭНГШҮЙГИЙН ХЭЛБЭРИЙГ АШИГЛА
Таазнаасаа болор люкстр өлгө. Түүн дээрээ хэдэн зоос тавьж мөнгө дуудах арга, зан үйлийг хийж болно. Мөнгө байдаг өрөөндөө цэлэлзсэн их ус, далай тэнгис, хүрхрээ дүрсэлсэн зураг бүү өлгөөрэй. Мөнгийг чинь ус аваад явчихна. Мөнгийг хэт шүтээд эхэлвэл танаас тун удахгүй дайжина.

БУСДЫН ХЭТЭВЧ РҮҮ БҮҮ ӨНГИЙ
Хүний цалин асуугаад явдаг хүмүүс байдаг. Саваагүй зантай байж болох ч ингэх хэрэггүй. Түүнээс олон тэгээр төгссөн тоо сонсвол даралт чинь ихсэж магадгүй.

БАЙГАА ЗҮЙЛДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЖ СУР
Ингэж чадаагүйгээс хүмүүс мөнгөний стресст өртөж бухимддаг. Хөрш нь машин авлаа, шинэ байранд орлоо гэхэд унтаж чадахаа больдог хүн цөөнгүй. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Сайжруулах гээд бүр "шатчихсан" тохиолдол элбэг байдгийг санаарай.

АЖИЛДАА СОНИРХОЛТОЙ БАЙ
Өөрийн хариуцсан ажилдаа сэтгэлээсээ ханд. Ажилдаа дур сонирхолтой хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Хэрэв хийсэн ажлын чинь цалин хөлс бага санагдвал удирдлагадаа хэлсэн нь дээр. Дотроо шаналаад явбал стресст амархан өртөнө.

БҮҮ АТААРХ
Ямар ч хүн өндөрлөгт хүрэхэд атаархах хүн заавал байдаг. Хүний сэтгэл ерөөсөө ханадаггүй. Ажил амьдралд зөв атаархал байх хэрэгтэй. Гэвч угтаа бол атаархлын мөн чанар ижил байдаг. Атаархал хүнийг сэтгэлийн хямралд оруулдаг.

ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ БҮҮ ХАРЬЦУУЛ
Хүн бүрт өөрийн давтагдашгүй онцлог зан чанар байгалиас заяасан байдаг. Найз тань мөнгөө хэмнэж, ямар ч материалаар өөртөө зохицсон хувцас аятайхан урлаад өмсчихвөл бухимдаж барьцах хэрэггүй. Дэмий зүйлд шаналж, өөрийгөө бусадтай жиших нь эрүүл мэндээ хохироохоос өөр үр дүнд хүргэхгүй.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш