ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хүүхдийн зохиолчдыг хүлээн авч уулзлаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн ном зохиолын хэл найруулга замбараагүй, хяналтгүй байгаа талаар шүүмжлэх болсон. Үүнтэй ч хүүхдийн зохиолчид санал нэг байлаа. Тэд хүүхдийн ном зохиолыг хэн дуртай нь хэвлүүлдэг болсон, орчуулгын ном зах зээл дээр их байгаа талаар хэлээд зохиолчид ч хэл найруулга, агуулга дээрээ анхаарах хэрэгтэй байна гэсэн юм. Уулзалтын үеэр МЗЭ-ийн Хүүхдийн зохиолчдын үндэсний төвөөс Ц.Оюунгэрэл сайдад хэд хэдэн санал, хүсэлтийг бичгээр уламжлан өглөө. Үүнд: Хүүхдэд зориулсан уран бүтээлийн агуулга, хэл найруулга, хөгжил дэвшлийн асуудлыг хариуцсан мэргэжилтэнг тус яамны бүтэц бүрэлдэхүүнд тусгайлан оруулж өгөх, яам бодлогоор тусгайлан нэн шаардлагатай төрөл зүйлээр хүүхдэд зориулсан шилдэг бүтээл бичүүлэх, Үндэсний соёл, уламжлал, түүхэн сэдвээр захиалгат бүтээл бичүүлэх зэрэг саналыг дэвшүүлжээ.