Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шилийн богд” унадаг дугуйн клубынхэн Монгол-Буриадын нутгаар 4000 км тойрон аялахаар аян замдаа гарлаа. Хоёр хоногийн өмнө Улаанбаатарт буудаллаж амралтын өдрөөр зохион байгуулагдсан Унадаг дугуйн парадад оролцсон Шилийн богд клубынхныг МЗХ-ны Ерөнхийлөгч болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хүлээн авсан юм. МЗХ холбоо энэхүү аялалын дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд аялагчдыг үдэллэх зам бүрт МЗХ-ны салбар холбоод хүлээн авч, дэмжиж цаашдын аян замд нь үдэх юм байна.
Мөн МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб санаачлан хөгжлийн бэршээлтэй иргэн Ч.Мөнгөндалайг баруун аймгуудаар унадаг дугуйгаар 5500 км аялах аялалд дэмжиж, хамтарч ажиллан, хандив цуглуулж Дугуйн парадын үеэр аялалд нь үдэж өгсөн юм. Эдгээр ажлууд бол “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг юм байна. “Шилийн богд” клубынхэн Баруун-Урт, Улаанбаатар, Хатгал, Ханх, Монды, Байкальск, Улан-Удэ, Чита, Агинское, Эрээн цав, Дорнод гэсэн маршрутын дагуу 2 сар гаруйн хугацаанд аялах бөгөөд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй аялах юм. аяллыг хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, МҮОХ, МАЯСАХ, МДХ, ЗДТГ, БТСБСТ байгууллагууд ажилласан бол дэмжигч байгууллагаар МЗХ, Олимпийн хороо, Төрийн банк ажилласан байна.