Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлаас баталсантай холбогдуулан Засгийн газраас “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг тогтоол гарган, шинэчлэн баталлаа.
Өмнө нь Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 37 чиглэлийн 1065 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн бол тогтоолоор Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үйлдвэрийн шинж чанаргүй бүтээгдэхүүн болох зурагт, компьютерын дэлгэц, принтерийн хор, Ай пад болон гаднаас сэлбэг хэлбэрээр оруулж дотоодод угсран борлуулж байгаа мэдээллийн технологийн зарим сэлбэг хэрэгсэл, ахуйн үйлчилгээний зориулалт бүхий тоног төхөөрөмжийг жагсаалтаас хаслаа.