logo
 Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацаатай холбогдох журмыг баталлаа

Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацаатай холбогдох журмыг баталлаа

2014/06/16

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар  дараах асуудлыг хэлэлцэв. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуульд “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 6-нд Улсын Их Хурлаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Энэ журмын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч нь татвар хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ хөрөнгө оруулалт хийх тухайн салбарын яаманд хүргүүлнэ. Салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсний үндсэн дээр татвар хойшлуулах асуудлыг Засгийн газарт тавьж шийдүүлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш