logo
“Танихгүй танил” уншигчдын хүртээл боллоо

“Танихгүй танил” уншигчдын хүртээл боллоо

2014/06/17

Яруу найрагч, сэтгүүлч Ундраагийн Баярсайханы “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын номын нээлт өчигдөр “Интер ном”-ын дэлгүүрт боллоо. Сэтгүүлзүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын ярилцлагууд багтжээ.

 “Ном бол ертөнцийг харах цонх мөн” хэмээсэн гайхалтай онч үг бий. Гэтэл У.Баярсайханы “Танихгүй танил” номд “Ном бол хүмүүний дотоод ертөнцийг бусдад дэлгэн үзүүлдэг судар мөн” хэмээн бичжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуурийн дуучин Гонгорын Хайдав гуай тус номын нээлтэнд хүрэлцэн ирлээ. Мөн дараа дараагаар “Танихгүй танил” номд багтсан алдартнуудын буухиа үргэлжлэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Зохиолч нээлтэд ирсэн хүндэт зочдод зохиолч номынхоо дээжийг гардуулсны дараагаар зочид номын хуудсанд гэрэлтэх ярилцлага дундаа арайхан шигтгэж амжаагүй сэтгэлийн үгсээ хэлэв.  У.Баярсайхан номынхоо талаар ярихдаа “Залуучууд бид өнгөрсөн үеэсээ суралцах хэрэгтэй. Мөн үлгэр дууриал авах ёстой. Залуучууд маань Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Г.Хайдав, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү, нарын ярилцлагыг уншаад амжилтад хүрэхийн тулд ямар их бэрхшээл туулсныг, үнэн хүчээрээ мэдэрсэн амжилтын амт ямар байдгийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Тэгснээр та нар тухайн зорилгодоо улам их хүсэл тэмүүлэлтэйгээр хандана. Та нарт боломж бий. Эдгээр эрхэм шиг олон сайхан гавъяа байгуулаарай” гэв. 

Номд түүвэрлэгдэн орсон эрхэм хүмүүн бүр дотоод ертөнц, оюун санааны их тунхаг, амьдралын тань замын өргөс бүхнийг түүх сургамжит үгсээрээ та бүхний номын санд “Танихгүй танил” нэртэйгээр ийнхүү зочилж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш