Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдлаа. Хуралдааны эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Дүүргийн нийтийн эзэмшлийн төв зам дагуух гудамжуудын ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг Улаанбаатар нэгтгэлд хариуцуулан ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрий байдлаар нийтийн эзэмшлийн 155800 м2 зүлэгт талбайн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг тогтмолжуулав. Мөн орон сууцны хороолол дотор хийгдэх ногоон байгууламж, бүхий бичил тохижилтуудын зураг төсвийг хийлгэж байгаа бөгөөд тохижилт бүхий талбайн 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламжтай байхаар шийджээ.
Энэ онд Нийслэл болон дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанар гүйцэтгэл, хугацаанд анхаарч ажиллахаас гадна өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын чанарыг шалган, өнгө үзэмж муудсан, гэмтсэн бүтээн байгуулалтуудын ажлыг гүйцэтгэсэн байгууллагуудад нь мэдэгдэж, засвар үйлчилгээг хийлгэсэн байна.
Мөн шуурхайн дарааллаар Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн нэг хоёрдугаар хэлтсүүд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дүүрэгт хийж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулж 100 айлд барьж буй гүүрэн гарцны дам нурууг байрлуулах ажил хугацаандаа амжилттай хийгджээ. Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн уулзварыг урагш Сөүлийн гудамж руу нэвт гаргах шинэ авто замыг долоодугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.