Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр иргэдийнхээ авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “БИД СҮХБААТАРЧУУД” урлагийн наадмыг зохион байгууллаа.
Энэ үеэр Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, хороодын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл, тэмцээний шүүгчээр ҮДБЭЧ-ын найруулагч МУГЖ Л.Батжаргал, ҮДБЭЧ-ын хөгжимчин МУСТА О.Энхмаа нар ажиллалаа.
Тус наадамд дүүргийн 20 хорооны 18-аас дээш насны иргэд оролцсон бөгөөд тэд язгуур урлаг, хөгжим, дуу, бүжиг гэсэн дөрвөн төрлөөр 80 гаруй иргэн өрсөлдсөн юм.
Тэднээс язгуур урлагийн төрөлд 17 дугаар хорооны иргэн М.Амаржаргал, хөгжмийн төрөлд есдүгээр хорооны иргэн С.Даваасүрэн, зохиолын болон орчин үеийн дууны төрөлд 20 дугаар хорооны иргэн Л.Баянмөнх, бүжгийн төрлөөр зургаадугаар хорооны иргэн М.Оюунцэцэг нар тэргүүн байрын эзэд болж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.