Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер болон Жендэрийн Үндэсний хорооны төлөөлөгчдийг өнөөдөр /2014.06.17/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх, хатагтай Катрин Шнайдер, Жендэрийн Үндэсний хороо НҮБ-ын Хүн амын сантай 2007 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж буйг онцлоод, олон жил үргэлжилсэн таатай харилцаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тэрээр “Жендэрийн мэдрэмтгий төсөв” төслийн хүрээнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдийг хамруулсан сургалтыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа дуулгалаа.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, төсвийг захиран зарцуулах олон улсын туршлага, арга замын талаар үнэтэй мэдээлэл өгөх энэхүү сургалтанд идэвхтэй оролцохыг байнгын хорооны гишүүдэд уриална гэлээ.
Уулзалтын төгсгөлд хатагтай Катрин Шнайдер “Жендэрийн мэдрэмтгий төсөв” сургалт байнгын хорооны гишүүдэд өргөн хүрээний ойлголт мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.