Их Британи, Франц, Голландын амьтан хамгаалагчид Ардчилсан Конго улсын лесула сармагчныг үржүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулахаар болжээ. Уг сармагчин нь иргэний дайн, хууль бус анчдын улмаас тоо толгой нь цөөрсөн байна.
Голландын амьтныг ивээх сангийн Африкийн орнуудыг хариуцсан салбарын зохицуулагч Фрэн Энн “Бид удахгүй лесула сармагчны тоо толгойг тодорхой болгоно. Хулгайн анчид уг амьтны нүүрийг авах зорилготой байдаг. Тиймээс хулгайн анчидтай ч тэмцэнэ” гэжээ. Түүний ярьснаар лесулаг хамгаалах, үржүүлэх төсөл нь 17.8 сая ам.долларын өртөгтэй гэнэ.
Лесула сармагчин нь хүнтэй тун төстэй гэдгээрээ онцлогтой. Хүн шиг нүдтэй, царай нь цайвар, өвөрмөц төрхтэй. Араб, Европын баячууд түүний нүүрийг өндөр үнээр худалдаж авах тохиолдол их байдаг.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд эрдэмтэд дэлхийн хамгийн хөгшин сармагчныг тогтоосон юм. Энэхүү лесула сармагчин нь 28 настай болохыг эрдэмтэд баталжээ. Энэ нь “Nature” сэтгүүлийн өнгөрсөн оны онцгой амьтдын тоонд багтсан юм.