logo
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Монгол Улсад айлчилна

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Монгол Улсад айлчилна

2014/06/20

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна.

  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар хатагтай В.И.Матвиенкод бараалхана. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл дэх Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзах юм.

  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын зэрэг Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтсан байна.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 6 дугаар сарын 23-ны Даваа гарагийн 09.05 цагт хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд угтана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш