Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл 6 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Засгийн газар манай талд буцаан олгох боломж бүрдэж байгаа юм. Талууд олдворуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг гэрээнд америкийн талыг төлөөлж Дотоод аюулгүй байдлын департаментын Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла гарын зурсан бөгөөд үсэг зурах ёслолд ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Консул З.Эрдэнэбаяр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан ажилтан Дебора Хардос нар оролцов.