logo
Долоон буудал, Баянхошууг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажил 7 сараас эхэлнэ

Долоон буудал, Баянхошууг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажил 7 сараас эхэлнэ

2014/06/24
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан юм. Энэхүү ажлын эхлэл нь Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгож эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим оршин суугчтай дэд төв болгон хөгжүүлэх Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр юм. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Азийн хөгжлийн банкны 1.5 сая ам.долларын санхүүжилтээр бэлэн болгосон.   Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөлд 320 сая долларын зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр авч байгаа бөгөөд 60 сая долларыг Европын хөрөнгө оруулалтын банкнаас авахаар тохиролцсон байна. Энэхүү зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, эхний таван жилд хүүгийн болон зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр хэлэлцээ хийжээ.

Баянхошуу дэд төв нь СХД-ийн 7,8,9,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн хөгжүүлж, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг  цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг барихаар тусгасан байна.  Харин Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 14,18 Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж, хотын дэд төв болгон хөгжүүлнэ.

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт Баянхошуу, Долоон буудлын иргэдтэй уулзан, төслийн явцын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын эхэнд хотын дарга Э.Бат-Үүл энэ том бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа эргэлт буцалтгүй орсон тухай иргэдэд дуулгасан юм. Тодруулбал, УИХ-аар энэхүү төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг баталсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжийн 104 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг авах эрхийг шийдвэрлэж өгвөл энэ жилийн 7 сараас дэд төвийн  ажлууд эрчимжиж эхэлнэ гэдгийг Хотын дарга онцолсон.
 
Баянхошуу, Долоон буудлыг хотын дэд төв болгон хөгжүүлснээр 400 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэрилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш