Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хийж буй айлчлал амжилттай болж буйг онцлов. Тэрээр хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, парламент хоорондын, худалдаа эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны боловсролын, дамжин өнгөрөх тээврийн тухай, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Түүнчлэн энэ оны 08 дугаар сард тэмдэглэх “Халх гол”-ын ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээний төлөөлөлтэй өргөн тэмдэглэн өнгөрүүлэхэд хоёр тал чармайлт гаргахаа илэрхийллээ. Энэ утгаараа тус хэлэлцээ нь Монгол, Оросын хууль тогтоох дээд байгууллага төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн дүгнэж буйгаа УИХ-ын дарга З.Энхболд онцлов.
Мөн тэрээр өнгөрсөн 05 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, мөн 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзсан. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцсоныг цохон дурдаад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлд Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлэг бий болсон нь хоёр орны парламентын харилцааг өөр шинэ түвшинд гаргаж байгаа. Хууль тогтоох байгууллага хоорондын энэхүү идэвхтэй хамтын ажиллагааг цаашид хадгалах, уузлалт яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх нь манай хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко хэлэхдээ, юуны өмнө биднийг урьж элэгсэг дотноор хүлээн авч байгаад талархаж байна. Монгол, Орос хоёр орны харилцааны түвшин өндөр байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Сүүлийн үед манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд парламентын үүрэг оролцоо асар их болсон. Бид энэ айлчлалынхаа хүрээнд парламент хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийг зорьж байна. Бидний айлчлалын зорилго хөрш Монгол Улстай холбоо харилцаагаа улам бэхжүүлж гүнзгийрүүлэхэд оршиж байгаа. Энэ талаар манай улсын Ерөнхийлөгч В.В.Путин болон бид бүгдээрээ хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье гэлээ. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид асуулт асууж хариулт авсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.