“Монгол иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохгүй” хэмээн тунхагласаар Bank of Сhina Монголд хөл тавьснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөв. Хятадын төрийн мэдлийн энэ том банкны зорилго нь зөвхөн Монголд салбараа нээх, түүгээрээ дамжуулан Монгол төрийн мөнгөний бодлогыг атгах, арилжааны 13-хан банкийг нь залгих явдал. Хятадын төрөөс өгсөн энэ даалгавраа биелүүлэхийн тулд бараг ашиггүйгээр Монголд байрших ёстой. Хамгийн гол нь салбараа нээхийг хүлээн зөвшөөрүүлэх холбоотнуудаа олж, аманд нь хүссэн шан харамжийг нь чихэж байгаад ч атугай Монголын төрөөр хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Эхний ээлжинд эртний түнш О.Чулуунбат нь тэдний гол найдвар байв. Монголбанкны ерөнхийлөгчөөр хамгийн олон жил ажилласан, УИХ-ын гишүүн асан, эдүгээ Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын алба хашиж буй тэрбээр гадны банкуудад тун элгэмсэг, түүнээсээ ашиг олж сурсан, хамгийн гол нь үүнийхээ төлөө нэр төрөө сэвтээхээс ичиж улайдаггүйгээрээ давуу талтай юм.
О.Чулуунбат нь анх банкны салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа л Монголын банкируудын том төлөөлөлд тооцогдож ирсэн нэгэн. Үүгээрээ ч сүүлийн 20 гаруй жилд тухайн үеийн төр засгийн томчуудтай чамлахааргүй шадарлаж Ерөнхийлөгч Н.Энхбаярт ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглэж өгөх амлалт өгч дотны хүн нь болсон түүхтэй. Гэвч Оросын төрд шургалсан олигарх тэрбумтнууд, түүний “шинэ орос” найзууд зорилгыг нь биелүүлж чадсангүй. Ингээд Төрийн тэргүүн найздаа амласнаа биелүүлээгүйнхээ төлөө ёстой л Чилүгэн шиг амаа хамхиад хэлсэн бүхнийг нь ёсчлон гүйцэтгэх ам тангараг тавьж амьд үлдсэн гэдэг. Тэрбээр тоглоомоос гарч, түүнийг эзгүйд дэд Ерөнхийлөгч А.Батсүх нь хэлэлцээрт оролцсоныг нууцалжээ.
Үүний дараахан алдарт хулгайч Чалмерс гэгч америк эрийн атганд орж Гандирс хорооллыг барих нэрийдлээр 250 сая ам.долларт Монголбанкны өмнөөс баталгаа гаргаж улсад асар том гарз хохирол учруулсан. Мөн Монголбанкнаас ОХУ-ын “Транс” банкинд 10 сая ам.доллар шилжүүлээд алдчихсан гэхчлэн Н.Энхбаярт эрхэлж төв банкаар тоглож явсан адал явдлууд үргэлжилдэг. Алтандорнод Монгол компанийн захирал С.Паушок гэгч луйварчин түүний сул талыг ашиглан хэдэн он дамжин татвараас зугтаж сүүлдээ арбитрын шүүхэд хандаж байхад О.Чулуунбат түүний талд байсан. Яг ийм л үүх түүхтэй, саяхан телевиз, сониноор тунхагласан шигээ ”Хамааралгүйгээр бие даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр” гэсэн зарчимтай хүн Хятадын төрийн банк болох Bank of Сhina-ийнханд хэрэгтэй байв. Угаасаа тэр монголчуудаас илүү харийнханд элэгтэй, тэдний мөнгө, хөгжил дэвшил, эдийн засгийг шүтдэг нэгэн. Одоо харин түүнд хань хамсаатан, тодруулбал өөр шиг нь бодолтой хүмүүсийг “элсүүлэх” даалгавар хүлээлгэсэн бололтой.
Тийм амар олдохгүй ч мөнгөнд дургүй хэн байх вэ, зарим нэг нь санаа бодлыг нь судалж, данс хараагаа нэгтгэж яваа сураг дуулдах болов. Уг нь Bank of Сhina-г оруулж ирэх нь Монголд ашигтай л байсан бол Монголбанкны үе үеийн ерөнхийлөгч нар, цаашилбал Ерөнхий сайд, парламент нааштай хариу өгөх, туслалцааг нь авах хүнд үе олон тохиож байсан. Гэвч гаднын том банкуудыг дэлгэрүүлэх нь, тэр тусмаа өмнөд хөршийн төрийн мэдлийн Bank of Сhina-г оруулж ирэхийн түүхэн хор уршгийг мэддэгийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй.
Үндсэн хуулиа мэддэг, стратегийн ач холбогдолтой гэж бидний яриад байгаа хэрхэвч эзлэгдэж болохгүй салбаруудын нэг нь банкны салбар. Яг л шатахууны үнэ тэнгэрт хадаж байсан ч Роснефтийн 100 клонкийг оруулж ирэхээс эмээсэнтэй адил арав гаруйхан банкаа гадны том банкинд залгиулж болохгүй гэсэн болгоомжлол Монгол төрийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах вий гэсэн айдас биднийг бүсээ чангалахад хүргэсээр ирсэн. Бүсээ чангалсаар ч өдий хүрсэн билээ.
Харин яагаад гаднынхантай сэжиг бүхий холбоо сүлбээгээр намтраа зузаатгасан, тэр ч байтугай бүр цагаандаа гарч Монголбанкны эрдэнэсийн сангаас Дондогдулам хатны хөөргийг авчихаад сонгуульд өрсөлдөх үедээ өөрийн юм шиг гайхуулан ярьж суусан О.Чулуунбат гэдэг хүн Bank of Сhina-гийн салбарыг Монголд нээх үүрэг хүлээх болов. Дашрамд дурдахад О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсний дараа оронд нь томилогдсон ерөнхийлөгч Монголбанкны Эрдэнэсийн сангийн их баялгийг сайн мэдэх ховор гэрчүүдийн төлөөлөл болох хоёр ахмад ажилтныг урьж нэлээд хугацаа өгч эрдэнэсийг бүртгүүлсэн гэдэг. Өнөөх хоёр буурал даалгавраа гүйцэтгэсний дараатолгой сэгсрэн бараг хоосорчихож гэж байсан аж. Тэд нарийн бүртгэл хөтөлсний дотор алга болсон эд зүйлсийн дотор өнөөх гайхуулаад байсан Дондогдулам хатны хөөрөг ч цохиж явсан гэдэг. Ийм л хүнд бид төрийн мөнгөний бодлогоо эрдэнэсийн сан хөмрөгтэйгээ атгуулчихаад итгэж явжээ.
Мөн энэ дашрамд Судлаач Х.Д.Ганхуягийн 2013 оны наймдугаар сарын 24-нд өөрийн блогтоо бичсэн “Монголын банк, санхүүгийн салбарт Жон-Ло-гийн “төрсөн хүү” О.Чулуунбат байгаа цагт Монгол Улс хямралаас сална гэж санасны гарз...Манай банк,санхүүгийнхэн өөрөөсөө бусад хүнийг “тоо бодож” чадахгүй, мөн “дансаа шатаачихвал” хэрэг арилчихна гэж бодож байвал их эндүүрэл болно” хэмээн зоригтойгоор бичсэнийг эргэн уншаад үзээрэй. Очсон газар орон бүрийнхээ банкны ажлыг судалдаг, эцэст нь луйврын замаар аварга том пирамид бүтээсэн Жон Ло гийн талаар нэгэн түүхч “Санхүүгийн хүчирхэг ид шидтэнд хүрч л байвал ямар ч худал хуурмаг бүдүүлэг биш байлаа” хэмээснийг тэрбээр нийтлэлдээ дурьдсан байгаа. Мөн “Банк хэдийчинээ зээл олгонов, тэр хэмжээгээр улс оронд орлого олох зоосны хэмжээ ихэснэ. Яагаад гэвэл ингэвэл олон тооны гар ажил хийнэ, худалдаа өргөжнө, зээл хөнгөн хялбар болно, эцэст нь банк өөрөө олз олно” хэмээн мэдэгдсэн тэрбээр эдийн засгийн эрүүлжүүлж мөнгөний массыг өсгөх , банкны цусыг сэлбэхийн тулд төрийн баталгаатай өрийн бичгийг хэрэглэж байсан зэрэг олон талаараа О.Чулуунбат Жон Ло хоёр адилхан гэдгийг харуулсан. Энэ талаар судлаач Х.Д.Ганхуягийн блог буюу ganaa.mn вэб сайтад нийтлэгдсэн “Чулуунбатын өвөөгийн намтар” гарчигтай нийтлэлээс дахин уншиж болох юм.
Үүнийг уншихад одоо О.Чулуунбатын гарт эдийн засгийн хөгжлөө хөтлүүлчихээд хаана очиж “хад мөргүүлэх” бол гэж эмээж суугаа маань аймшигтай санагдана. Учир нь түүнд бүх нарийн мэдээлэл, бас чамлахааргүй эрх мэдэл, ихэдсэн гэмээр холбоо сүлбээ буй. Энэ бүхнээ ашиглан “Эдийн засгаа боомилж алах”-д дэндүү амархан боломжийг олгочихлоо. Тэр хэдийнэ боломжуудаа ашиглаж эхэлсний эхний жишээ нь Хятадын төрийн банкны монгол элчээр тодорчихоод Bank of Сhina-ийн салбараа нээхээр улайран хөөцөлдөх болсон явдал юм. Иймд О.Чулуунбатад боломжийг бүү олго! “Түүнээс хол бай”. Бас “Түүнийг эрх мэдлээс хол байлга” гэж эртхэн сануулъя!
С.Чулуун