logo
Т.Мөнх-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жил нэг шил пиво ч уугаагүй

Т.Мөнх-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жил нэг шил пиво ч уугаагүй

2014/06/25

Энэ удаагийн редакцийн зочин буланд олноо реппер GEE хэмээн алдаршсан Т.Мөнх-Эрдэнэ уригдлаа.

-Би урлагийн хүн биш-
 
- Манай редакцийн зочин буланд уригдан ирсэн урлагийн салбарынхан нүдний  шилээ ер авдаггүй юм. Тантай бас хар шилний цаанаас ярилцлага хийх нь ээ?
 
- Шилээ авч болно, болно. Би чинь хамгийн гол нь шилээ авахаар аягүй царай муутай ш тээ. Бас би урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн. Урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.
 
Нөгөө талаас урлагийн хүнийг дагаж явдаг уран бүтээл гэх ойлголт тань өөрөө асар том зүйл. Миний хувьд уран бүтээл гэхээр “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг “аймаар, аймаар” юмнууд санаанд орно. Яг энэ утгаараа би бол уран бүтээлч биш. Над мэт нь энэ үгийг зүүх нь хэтэрхий хайран, харамламаар зүйл. Хэдэн годгоносон охид гарч ирээд, хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснээ, түүнийгээ уран бүтээл гээд зарлахаар бас л харамсмаар шүү.
 
- Тэгвэл хөгжмийн ертөнцийн хүн мөн үү?
 
- Хөгжийн ертөнцийн үү /инээв/. Би зүгээр л амьдралын хүн. Өөрийн сэтгүүлч мэргэжлийнхээ дагуу хип хопоо хийгээд явж байна. Амьдралаас мэдрэх хар бараан, гэрэл гэгээтэй өнгө бүрийг өөрийнхөөрөө бичиж, хүнд хүргэж байгаа нь сэтгүүлзүй юм. Гэхдээ дуу бүртээ сэтгүүлзүйн бичлэгийн өөр өөр төрлийг ашиглана. Тухайлбал, эссэ, эргэцүүлэл, шүүмж, эрэн сурвалжлах гээд л явж өгнө дөө.
 
Үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй сэтгүүлчдээс ялгаатай тал нь би өөрийн бичлэгүүдээ хөгжмийн аян дээр буулгаж, хүмүүс илүү сонирхож болох тал дээр нь ажиллаж байна. Ердөө л энэ.
 
- Сүүлийн үед сэтгүүлзүйн ямар ажил хийж байна?
 
- “Геометр” цомгоо гаргасан. Утга нь, амьдралыг геометртэй зүйрлэж, олон төрлийн хэлбэр дүрс, өнцөг булан бүрийг томьёолон гаргахыг зорьсон. Цомгийнхоо таван дууг дүрсжүүлэн нийтэд хүргэсэн. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө “СТА” дуугаа хийлгэлээ. Өөрөөр хэлбэл, миний сэтгүүлзүйн ажил амжилттай явж байна гэсэн үг.
 
- Таны дуунууд нийгмээ хурцаар шүүжилсэн, бухимдуу шинжтэй.  Амьдрал дээр хэр бухимдуу хүн бэ?
 
-Наадах чинь их өрөөсгөл ойлголт. Би амьдралыг тэр чигээр нь хар гэж хэлэхгүй. Хар цагаан холилдсон саарал өнгөтэй амьдралыг би өөрөө бүтээж явна гэж ойлгодог. Надаас гарч буй тэдгээр дуунууд, сэтгүүлзүйн ажлууд ч бас саарал өнгөтэй.
 
Нийгэм одоогоор их бухимдалтай, хар байгаа учраас миний хийсэн бараан өнгөтэй дуунууд маань хүмүүст илүү их хүрдэг. Энэ утгаараа намайг үргэлж хар бараан дуу хийдэг гэж хүмүүс ойлгож байх шиг. Хамгийн гол нь хүрч, хүлээж байгаа өнцөг нь өөрөө бухимдалтай буйд л асуудал оршиж байх шиг санагддаг.
 
Цаашид үглэх хэлбэрийн эрэн сурвалжлах, шүүмжүүдээс хальж, томоохон хэмжээний роман, яруу найргийн ном сэлт гаргах бодол бий юу?
 
- Сайн хэлж мэдэхгүй байна. Шударгаар хэлбэл, одоохондоо надад яруу найргийн ном гаргах, роман бичих ямар ч том зорилго байхгүй. Тийм зүйлс надаас гарах эсэх нь тэр үеийн тэнгэр, хувь хүний заяа мэдэх байлгүй. Яг одоо цагаар дүгнээд яривал  би өөрийнхөө хэмжээнд, өөрөө илэрхийлэн гаргаж чадах байдлаар дуунуудынхаа үгийг бичсээр ирсэн. Би айхавтар уран хэллэгээр бичдэг, яруу найраг шиг яруу хүн биш.
 
Амьдрал дээр бид ямар хэллэгээр ярьдаг, гудамжинд ямар үг хэрэглэж өссөн яг тэр л үгсээрээ би бичдэг.  Тэр нэг нийтийн хүсээд байдаг цензураар өөрийгөө би барьж хүлэх дургүй. Хүмүүс намайг Монгол реппер байж яагаад хараалаа гадаадаар хэлээд байгаа юм гэхчилэн шүүмжилдэг. Гэтэл миний дотор нутагшсан, хэрэглэж дадсан илэрхийлэлт үгс маань өөр. Өнөөгийн уран бүтээлдээ тэдгээр үгсээ хэрэглээд, бичээд л явж байна.

Үргэжлэлийг ЭНД-ээс уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш