logo
Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа

2011/09/15
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын өчигдөр бараалхжээ.
    Ах дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэсэн байна.
    Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлтийн 70 орчим хувь ногддог,сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж нааштай үзүүлэлтүүд гарч байгааг хэлжээ. 
Бараа эргэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах,түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ талаар хоёр талын эрх барих дээд байгууллага анхаарах, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой алхам хийж байгаагийн адил Оросын тал ч  анхаарч байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэсэн байна.
Мөн хоёр талаас ажлын хэсэг гарч шалган нэвтрүүлэх дээр гарч байгаа хүндрэл, саад бэрхшээлийг шийдэх зөвлөмж гаргахаар болжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах энэ талаархи төсөл, байр сууриа хууль тогтоох дээд байгууллагадаа уламжлахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайдад хэлсэн аж.   
 ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэнд нь Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайд Батболдод талархал илэрхийлээд таны тэргүүлсэн  Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын эдийн засаг  эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна гээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөжээ. 
Тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнтэй санал нэг байгаагаа хэлээд хоёр талын худалдаа эргэлт түүний дотор Монголоос Буриад руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсч, худалдааны тэнцвэрт байдал бий болсныг тэмдэглэсэн байна.
Монголын аж ахуйн нэгжүүд Буриад Улсын газар нутагт хөрөнгө оруулалт хийх,тухайлбал  хөргөлтийн агуулах барих болсон нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд  ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Мөн иргэний нисэхийн байгууллага Улаан-Үд хотноо засвар үйлчилгээгээ хийлгэх, аж ахуйн нэгжүүд жижиг оврын онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийх сонирхол бий болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Засгийн газрын тэргүүнд илэрхийлжээ.
Аялал жуулчлалын салбар хөгжиж байгааг дагалдан бага оврын нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж байгааг мөн тэмдэглэлээ. Мөн уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбар болон иргэд хоорондын харилцан зорчих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн байна.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 20 жилийн ойн ёслолд оролцсон бөгөөд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын төрийн дээд одонгоор Ерөнхий сайд С.Батболдыг  шагнасныг Ерөнхийлөгч В.В.Наговицын энэ үеэр гардуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш