logo
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй

2014/06/27

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, 7 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын 113 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж.

Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 54 дүгээр тушаалаар Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн хэлэлцээг хийжээ.

Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.

Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр соронзон тууз, IC чип, зайнаас уншигдах RF технологийг 1 картанд нэгтгэсэн хосолмол картыг нэвтрүүлэх юм байна. Хосолмол картыг нийтийн тээврийн системд хэрэглэснээр зорчигч нь бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж, автобус, такси бүрт байрлуулсан хосолмол картыг хүлээн авах хэрэгсэл нь үйлчилгээний хураамжийг хэрэглэгчийн данснаас шууд суутгах зарчмаар нэгдсэн системд холбогдож тооцоог хийх аж.

Түүнчлэн банкуудын мобайл банкны үйлчилгээ рүү хандах нэгдсэн цонхтой болгож, тэдгээрийн хооронд гүйлгээ хийх боломжоор хангах юм байна. Мобайл банкны хэрэглэгч нь дансны дугаар болон утасны дугаар үл ялгаварлан өөрийн гүйлгээ хийх бөгөөд бусад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг өөрийн гар утас ашиглан авах боломжтой болох ажээ.

Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэнэ хэмээн танилцуулгад дурджээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш