Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Орос, Монголын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгч, ОХУ, БНХАУ-ын хооронд шинэ “Талын зам”-ыг байгуулахад Монгол Улс бэлэн байгааг илэрхийлэв.
Сергей Романович: Ноён Энхболд, Та ОХУ, Монгол Улсын парламент хоорондын хамтын ажиллагааны түвшинг хэрхэн үнэлж байна вэ? Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хийсэн хэлэлцээрийн дүн нь хамтын ажиллагааны хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? Танай улсад хийсэн түүний айлчлалын үеэр ямар тохиролцоонд хүрсэн бэ?
-Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 93 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид бүх түвшинд, тэр дундаа парламент хооронд тогтмол төлөөлөгчид солилцож ирсэн. Манай хоёр орны найрамдал, сайн хөршийн харилцаа нь урт удаан түүх, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжиж ирсэн. Манай парламент хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал байгуулагдсны дараа Монгол, Оросын парламентын бүлэг бий болсон. Энэхүү бүлэг нь парламент дахь хамгийн олон гишүүдтэй, идэвхтэй бүлгүүдийн нэг юм. Энэ төрлийн Найрамдлын бүлгүүд Холбооны Зөвлөл, Төрийн Думд ажиллаж байгааг бид бүхэн мэднэ.
Өмнө нь манай парламент хоорондын харилцаа нь гол төлөв Төрийн Думтай хөгжиж байсан. Гэвч энэ жил энэхүү хамтын ажиллагаанд сенаторууд, ялангуяа Чита, Эрхүү муж, Алтайн хязгаар, Буриад Улс болон бусад хил орчмын бүс нутгийн төлөөлөгчид идэвхтэй оролцох боллоо. Манай хоёр улс нь хэдэн мянган километр үргэлжлэх хилийн зурвасаар хиллэдэг. Монголын парламентын хувьд Холбооны Зөвлөлтэй харилцаагаа хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Хатагтай Матвиенкогийн айлчлал нь манай парламент хоорондын харилцааны өндөр түвшинг илэрхийлсэн хэрэг боллоо. Энэхүү айлчлал нь түүний Холбооны Зөвлөлийн даргын хувиар хийж буй анхны албан ёсны айлчлал юм.
Бидний яриа, хэлэлцээ нөхөрсөг, харилцан ойлголцлын уур амьсгалд болсныг тэмдэглэе. Бид хоёр орны харилцааны цаашдын хөгжилтэй холбоотой тодорхой асуудлуудаар санал солилцож, хэд хэдэн чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Манай хоёр улсын харилцаа нь үнэхээр стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Үүнд парламент хоорондын харилцаа холбоо томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Сергей Романович: Яриа хэлэлцээний явцад манай хоёр улсын хооронд иргэд визтэй зорчдог журмыг цуцлах асуудлаар санал солилцсон уу? Энэ асуудлаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?
-Манай хоёр орны хамтын ажиллагааны хүрсэн түвшин, дулаан уур амьсгалын хүрээнд бид энэ асуудлаар В.И.Матвиенкотой санал солилцож, визтэй зорчих журмыг цуцлах нэгдсэн байр сууринд хүрсэн. Хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд холбогдох тохиролцоо, шийдвэрт хэдийн хүрсэн. Хэлэлцээрүүдийг /иргэд харилцан визгүй зорчих болон албадан нутаг буцаах тухай/ байгуулах яриа хэлэлцээ 5 жил үргэлжилж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бий болгох нь жуулчдын тоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Энэ оны 8 дугаар сард Халх голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцохыг хүлээж байна. Түүний айлчлалын үеэр дээрх хэлэлцээрүүдэд хоёр тал гарын үсэг зурна гэж бодож байна.
Сергей Романович: Орос, Монголын харилцааны өнөөгийн түвшинг Та хэрхэн үнэлж байна вэ?
-Цаг хугацаагаар шалгагдсан найрамдал, хамтын ажиллагааны бат бэх холбоо Монгол Улс, ОХУ-ыг холбож байдаг. Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 75 жилийн ойг энэ онд бид тэмдэглэнэ. Энэхүү ялалт нь бидний найрамдлын холбоог бэхжүүлдэг чухал бөгөөд мартагдашгүй хүчин зүйлүүдийн нэг гэж боддог.
Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш өндөр түвшинд хөгжиж байгаа бол түүнээс бага зэрэг хоцорч буй хамтын ажиллагааны салбарууд байсаар байна. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа. Бид бүхэн үүнийг засах учиртай. Учир нь эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх томоохон нөөц бололцоо манай хоёр улсад бий. Боловсрол, шинжлэх ухаан, мөн цэрэг болон хүмүүнлэгийн салбаруудад хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Хил орчим, бүс нутгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү хамтын ажиллагаа нь тун ирээдүйтэй, энэ чиглэлд бид хамтран ажиллах нь зүйтэй юм.
Сергей Романович: Монгол Улсад “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн тухай танилцуулна уу?
-Сүүлийн үед ОХУ, БНХАУ хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байна. Түүнээс гадна, зөвхөн Украинаар дамжуулан Европт гаргаж буй байгалийн хийн нийлүүлэлтийн хамаарлаас ангижрахын тулд ОХУ нь өнөөдөр экспортын шинэ замтай болох хэрэгтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан шугам хоолойг ямар чиглэлээр барьж байгуулах, мөн ОХУ, БНХАУ-ын хооронд авто болон төмөр замын тээвэрлэлтийг хэрхэн хангах вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.
ОХУ, БНХАУ нь өргөн уудам газар нутгаар хиллэлдэг боловч энэ нь уул нурууд голдуу байдаг. Өндөрлөг газар шугам хоолой тавих, төмөр зам барих нь техник, технологийн хувьд тун хүндрэлтэй төдийгүй эдийн засгийн талаасаа зардал ихтэй. Монгол Улс нь газар зүйн хувьд маш ашигтай байрлалд оршдог. Монгол Улсын зүүн хэсгээр хамгийн богино бөгөөд хямд өртгөөр ОХУ, БНХАУ-ыг холбох зам тавьж болно. Энэ оны 5 дугаар сард болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр тал дээд түвшинд уулзахад Улаанбаатар төмөр замыг Ази, Европыг холбох тээврийн үндсэн шугам болгох, баруун Сибириэс Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны чиглэлийн байгалийн хийн хоолойг Монгол Улсын тал нутгаар дамжуулан барьж байгуулах саналыг монголын тал оросын талд тавьсан. Бид энэхүү замаа “Путины талын зам” гэж нэрлэж байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид оросын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө гэж бодож байна.
Ярилцсан сэтгүүлч: Сергей Изотов
/Эх сурвалж: ИТАР-ТАСС, Улаан-Баатар 2014.06.23