logo
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2014/06/27
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нар танилцуулсан юм.

  Улсын Их Хурлаас “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг 1995 онд, "Чөлөөт бүсийн тухай" хууль болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2002 онд, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2003 онд батлан гаргаснаас хойш 10 гаруй жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд чөлөөт бүсүүдийг байгуулах зорилгоор Чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас баталж, түүний хэвийн үйл ажиллагааг явуулахад улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн улсын төсвөөс 31.7 тэрбум төгрөг, гадаадын хөнгөлөлттэй зээлээс 31.3 сая ам. доллар зарцуулж, чөлөөт бүсийн дэд бүтцийн зураг төсөв, төлөвлөлт, барилга байгууламжийн зарим ажлуудыг хийж байгаа боловч хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаа аж.

  Харин одоогоор чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт хийхээр гадаад, дотоодын 86 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 3 аж ахуйн нэгж бодит хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа юм байна. Гэвч цаашид чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, чөлөөт бүсийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага болон манай улсын онцлог, эрх ашигт нийцүүлэн чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг дахин өөрчлөх шаардлага гарч байгааг харгалзан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч хэллээ.

  Нийтдээ 9 бүлэгтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилдаг байсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, удирдлага, менежментийн тогтолцоог нь боловсронгуй болгож, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг хуульчлах, чөлөөт бүсийн Захирагчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, бүсийн татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зэрэг үйл ажиллагааны тусгай дэглэмийг хуульчилж зохицуулахаар тусгасан байна.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан төслийг хэлэлцэх эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Ингээд байнгын хорооны саналаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

  Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар танилцуулав.

  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн саналууд гаргасан байна.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Сарангэрэл, Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

  Мөн энэ өдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Сангийн сайд Ч.Улаан энэ талаар хийсэн танилцуулгадаа, сүүлийн жилүүдэд иргэд, улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээг өргөн ашиглаж байгаатай холбоотойгоор шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн хувийн хэрэглээний эд зүйлсээс авч байгаа гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын асуудалд шүүмжлэлтэй хандах байдал ихэсч байна.

  Иймээс нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн албан татвараас чөлөөлөгдөх арилжааны шинж чанаргүй, хоёроос доошгүй төрлийн барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар хуулийн төсөлд тусгаснаа дурдав. Мөн энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон танилцуулсан юм. Тус байнгын хорооны гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.

  Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 18 цаг 42 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш